Оюу толгойд үзүүлж буй Ерөнхий сайдын шахалтууд
“Эрдэнэт, Тавантолгой, Оюутолгой гэсэн гурван үйлдвэр хүчин чадлаараа ажиллаад ирэхэд манайх шиг жижиг эдийн засагтай орон сэвхийтэл босно” гэсэн яриа байдаг.
Энэ үгийн утгыг “Эрдэнэт үйлдвэр”-ийн зэсийн баяжмал хайлуулах, катодын зэс үйлдвэрлэх төсөл ашиглалтад орж, Тавантолгойг түшиглэн нүүрс угаах үйлдвэр байгуулж ашиглалтад оруулж, Оюутолгойн ордыг эзэмшиж байгаа компанийн удирдлагуудтай зээл, ногдол ашиг, татварын асуудлаа цэгцэлсний дараа гэж ойлгож байгаа.
“Эрдэнэт үйлдвэр”-ийн зэсийн төсөл хөрөнгө оруулагч, гүйцэтгэгчийг шалгаруулах эцсийн шатандаа яваа мэдээ буй. Тавантолгойн Бор тээгийн ордыг түшиглэн нүүрс угаах үйлдвэр байгуулсан. Улс төржилтийн үрээр хэзээ ашиглах нь тодорхойгүй байгаа. Оюу толгойн ордын тухайд сонсгол хийснээс хойш улс төрчид болон олон нийт нэгдсэн ойлголттой болоод байгаа. Асуудлуудыг бага багаар шийдээд явъя гэдэг Ерөнхий сайдын үйлдлийг сайтар дэмжүүштэй.
Тухайлбал, хэдхэн хоногийн өмнө Ерөнхий сайд Оюутолгойн ард түмэнд ирэх өгөөжийг 60 хувь болгож нэмэгдүүлэх, 2026 онд багтааж ногдол ашиг олгох шаардлагыг Оюу толгойн удирдлагуудтай уулзах үеэрээ тавьсан. “Улсын эзэн шиг” загнасан энэхүү загналт үр дүнгээ өгч, Оюутолгой ХХК-иас татварын акт болох 1.5 их наяд төгрөгийг төрийн дансанд шилжүүлсэн байдаг.
Цаашилбал, саяхан тэмдэглэн өнгөрүүлсэн Дэлхийн усны өдрөөр Ерөнхий сайд Г.Занданшатар "Оюу Толгой" ХХК болон бусад томоохон аж үйлдвэрийн газруудаас ус бохирдуулсны төлбөр авч эхлэхийг албан ёсоор үүрэг болгосон. Энэ бол Оюутолгойн удирдлагуудад улс төрийн шахалт үзүүлж байгаа нэг хэлбэр гэж ойлгож байгаа.
Шаардлага, шахалт энэ маягаар үргэлжилбэл Монгол Улсад ашигтай хувилбар руу шилжиж таарна. 34 хувьд ногдох зээлийг тэглэх, эсвэл хувиасаа татгалзаж татвараа хангалттай өндөр авах гэсэн хувилбарын аль нэг рүү шахах болов уу гэсэн таамаг бий.
Ерөнхий сайд Г.Занданшатарын хувьд Оюутолгойтой хэзээнээс “арсалдаж” байсан түүхтэй.
ЗГХЭГ-ын дарга байхдаа зээлийн хүүг бууруулах тохиролцоонд хүрсэнээс гадна 35 сая ам.долларын татварын маргаан байсныг төлүүлэх шийдвэр гаргуулж байв.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.