🔴УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ ХЗДХ-ийн сайд Б.Энхбаярыг шалгуулахаар АТГ-д хандлаа
УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр Авлигатай тэмцэх газарт очиж, Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяртай холбоотой авлигын асуудлыг шалгуулахаар 894 хуудас бүхий дөрвөн бүлэг материалыг хүлээлгэн өглөө. Тэрээр өмнө нь "Лхагвын тойм" нэвтрүүлэгт оролцохдоо Б.Энхбаярыг "Бодь" группээс хандив нэрээр 500 мянган ам.доллар авсан хэмээн мэдэгдэж байсан бөгөөд ийнхүү албан ёсоор гомдол гаргаж байгаагаа илэрхийлэв.
АТГ-т өгсөн материалуудыг дөрвөн үндсэн хэсэгт хуваажээ. Үүнд "Бодь" группын оффтейк гэрээтэй холбоотой асуудлууд, нүүрсний сонсголын материалууд, Б.Энхбаярын авлигын хэрэг болон түүнтэй холбоотой бусад нотлох баримтууд багтсан байна. Л.Оюун-Эрдэнийн мэдэгдсэнээр, Б.Энхбаяр нь "Бодь Интернэйшнл" ХХК-ийн захирал Д.Баясгалангаас хоёр удаагийн үйлдлээр нийт 1.3 сая ам.долларыг бэлнээр авсан бөгөөд үүнийг гэрчлэх хүмүүс болон баримтууд байгаа аж.
Тэрээр нүүрсний хулгайн асуудлыг хөндөхдөө 2022 оны валютын нөөцийн хомсдол нь "Бодь" группын оффтейк гэрээнээс үүдэлтэй байсныг онцлов. "Бодь" группын төмөр зам барих төсөвт өртөг анх 600 сая ам.доллар байснаа 1.3 тэрбум ам.доллар болж хоёр дахин нэмэгдсэн, тендергүйгээр нууц гэрээ байгуулсан зэрэг асуудлыг нүүрсний сонсголоор ил тод болгох ёстой байсан ч Б.Энхбаяр сонсголыг ахлахдаа эдгээр ноцтой баримтуудыг зориуд орхигдуулсан гэж үзэж байна.
Мөн энэ хэрэгт Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Д.Мөнхэрдэнийг холбоотой хэмээн дурдлаа. Д.Мөнхэрдэнэ нь өмнө нь "Голомт" банк болон "Бодь" группт хуулийн зөвлөхөөр ажиллаж байхдаа төмөр замын төсөлд зөвлөх үйлчилгээ нэрээр 11 тэрбум төгрөг авсан бөгөөд төрийн албанд томилогдсоныхоо дараа өөрт холбогдох баримтуудыг устгах, цахим мэдээллийн санд өөрчлөлт оруулах оролдлого хийсэн гэж УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ мэдэгдэв.
Үүнээс гадна Б.Энхбаярыг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга асан Бямбажаргал нартай тохиролцож, хуучин нисдэг тэргийг шинэ мэтээр баримт бүрдүүлэн худалдаж авсан, цагдаагийн алба хаагчдын цалингийн үлдэгдэл болох 5 орчим тэрбум төгрөгийг зориулалтын бусаар зарцуулсан зэрэг хэд хэдэн ноцтой асуудалд буруутгаж байна. Эдгээр авлигын мөнгөөр Арцатын аманд орон сууц барьсан, "Ланд Крузер 300" маркийн автомашин авч хөрөнгө орлогын мэдүүлэгтээ тусгаагүй зэрэг баримтуудыг АТГ-т өгчээ.
Л.Оюун-Эрдэнэ "Энэ бол хуулийг манипуляци хийж, сенсацаар сенсацыг дарж, ардаа хахууль авдаг бүлэглэлийн үйлдэл. Б.Энхбаяр болон түүний хамаарал бүхий этгээдүүдийг Эрүүгийн хуулийн 22.1 (Эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглах) болон 22.4 (Нийтийн албан тушаалтан хахууль авах) дүгээр зүйлд зааснаар шалгуулахаар гомдол гаргаж байна" хэмээн мэдэгдлээ. Тэрээр АТГ-ыг энэ хэргийг шударгаар шалгана гэдэгт итгэж байгаагаа илэрхийлсэн юм.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.