Нөгөө 20-30 хувь

Нөгөө 20-30 хувь

Монгол Улс хөгжих болов уу? Эдийн засаг өсөх болов уу? 

Ийн асуухаар яг одоогоор бол бага зэрэг гутранги хариулт өгөх болчихоод байдаг. Уг нь, болж бүтэж байгаа зүйлүүд байгаа, бүх зүйл ёроолдоо орчихоогүй байгаа ч манайхны хандлага, боловсролын түвшин энэ хэвээр байвал энэ улсын ирээдүй тун бүрхэг болчихоод байдаг.

Товчдоо, бидний өөрсдөөс маань болж сая өвөл хотоороо хөлдөх шахлаа. Бидний өөрсдөөс маань болж нүүрсээ зөөх төмөр замгүй байгаа. Бидний өөрсдийн маань буруугаас өнөөдөр түгжрэлтэй байгаа. Энэ бүхний угт эдийн засаг байх агаад бид өөрсдөө энэ бүхний саад тээг болсоор байна.

Монгол Улсын эдийн засаг уул уурхайн түүхий эд дээр тогтож байна. Нүүрс, зэсээ ахиухан гаргавал мөнгөтэй золгодог, дэлхийн үнэ ханш унахаар модоо барих шахдаг. Аялал жуулчлал, мал аж ахуй гэдэг тулгууртай ч мал аж ахуй нь биднийг өлсгөхгүй байх хэмжээнд байлгадаг бол, аялал жуулчлалаас олдог орлого нь нэг уурхайн аманд ч хүрдэггүй нь туйлын үнэн бөлгөө.

Иймээс, орлогоо нэмэгдүүлье, өөр бусад бүтээгдэхүүн гаргая гэхээр манай эх орончид саад тотгор болдог нь ёс мэт тогтчихлоо.

Уран дээр хичнээн том асуудал үүслээ. Л.Оюун-Эрдэнийн засгийн газар ёстой нүүрээ ширлэж байгаад гэрээг нь байгуулж байсан. Бид хэтдээ энэ салбарт том тоглогч болох бүрэн боломж тийнхүү нээгдсэн.

Газрын ховор элементийн бас л том тоглогч болох бүрэн боломж бидэнд байгаа ч одоогоор саад тотгортой, хөдөлгөхгүй л байна. Иргэд байгаль орчинд нөлөөлөх нөлөөлөл тал дээр хамтран ажиллаж, шаардахын оронд “хөдөлгөхгүй, явуулахгүй” гэх байдлаар хандаж байгаа нь харамсалтай.

“Багануурын цахилгаан станцыг барина” гэхээр баахан хужаа орж ирэх гэж байна хэмээн жагсаж тэмцсээр, хар масс нь дагаж дэмжсээр байгаад унагасан. Энэ мэтчилэн жагсаж, эсэргүүцсээр бид цахилгааны хомстолтой, энэ байдлаасаа хэзээ гарах нь тодорхойгүй л байна. Ямартай ч хүйтэн өвлийг давлаа. Эрчим хүчний салбарын удирдлагуудын царайг харвал ирэх өвөл дахиад л хог дээр үсрэх нь шиг байна.

Яг үүн шиг, хурдын зам барина, Туулын хурдын замын бүтээн байгуулалтыг эхлүүллээ, хөдөлгөөний эрчмийг нэмэгдүүлнэ, дагуул хот, суурингуудаа хөгжүүлнэ гэхтэй зэрэгцээд эсэргүүцлийн хөдөлгөөн өрнөж байна.

Эсэргүүцэгч нарын зарим шаардлага нь үнэнд нийцнэ. Үүнийг хотын удирдлагууд хүлээн авч, үнэн зөв мэдээллээр хангах үүрэгтэй. Тухайлбал, км зарим барих өртгийг эргэх харах, энэ талын тооцоо судалгааг харуулах шаардлагатай. Мөн, байгаль экологид ямар хор хохирол учирч болох, үүнийг хэрхэн шийдвэрлэж байгааг тайлбарлаж таниулах хэрэгтэй.

Эсэргүүцэгч нарын хувьд ч гэсэн шууд үгүйсгэж, бариулахгүй гэж муйхарлахын оронд холбогдох албан тушаалтнуудаас тайлбар, баримт шаардах эрхтэй. Үгүйсгэж нураах гэхийн оронд засаж залруулахыг хичээх ёстой. Хүн хэлээрээ, мал хөлөөрөө.

Түүнээс биш, Х.Нямбаатар гэдэг хүнд дургүйдээ эсэргүүцээгүй байлтай. Нийслэлийн МАН-ын хийсэн ажил гэдгээр нь АН-ын гишүүд эсэргүүцээд байна гэж ойлгохгүй байгаа.

Ер нь тэгээд эцсийн дүндээ, аливаа ажлыг 20-30 хувь нь эсэргүүцэх нь эрүүл хандлага.

Эсэргүүцэх нь нийгмээрээ зөв ойлголт авах, нэг тийш харах нэг хэлбэр. Иймд төр гэж байгаа цагт төмөр нүүрээ харуулаад бүтээн босгох үүрэгтэй. Эсэргүүцээд байгаа хүмүүс хожмоо ойлгож, тэрхүү замаар зорчиж, тэрхүү цахилгаан станцаар байнгын гэрэл цахилгаантай амьдрах болно. Хүн л юм хойно амаа барих цаг ирнэ.

Саяхан даа, төв музейг нураалгахгүй, шинээр бариулахгүй гэж “нөгөө 20-30 хувь” эсэргүүцэж явсан. Өдгөө амаа олохгүй магтаж байгаа ч эсэргүүцэж байсан шүлс нь ч хатаагүй байна шүү дээ. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.