Эмэгтэйчүүдийг харьд худалдан биеийг нь үнэлүүлсэн Х.Нандин-Эрдэнэд ял шийтгэлээ
“Гадаад улсад өндөр цалинтай ажилд оруулна” хэмээн нэр бүхий долоон эмэгтэйг 2020 онд Зүүн өмнөд Азийн орнуудад аваачин худалдаж, хүчээр биеийг нь үнэлүүлсэн хэрэгт холбогдсон Х.Нандин-Эрдэнийг шүүх гэм буруутай гэж үзлээ.
Тэрбээр хохирогч эмэгтэйчүүдийг харийн оронд аваачаад биеийг нь үнэлүүлж олсон мөнгийг нь нисэх онгоцны тасалбар, байрны төлбөр, хувцас худалдан авсан гэх мэт зардалд хураан авдаг байж. Түүнийг Интерполын шугамаар олон улсад эрэн сурвалжилж, Казахстанд байгааг нь тогтоон шилжүүлэн авсан юм.
Улмаар ЭЦА-ны Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст шалгаж, Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн 13.1-2.2, 13.1-2.3 дахь хэсгийн “хоёр болон түүнээс олон хүнийг худалдаалсан”, “уг хэргийг Монгол Улсын хилээр нэвтрүүлж үйлдсэн” гэх заалтын дагуу яллах дүгнэлт үйлдэн Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд шилжүүлсэн байна. Тус шүүхийн шүүгч Д.Доржсүрэн, М.Далайхүү, Ц.Эрдэнэчимэг нар Х.Нандин-Эрдэнэд холбогдох хэргийг хэлэлцээд долоон бүсгүйг Монгол Улсын хилээр нэвтрүүлж, бусдад биеийг нь үнэлүүлж, хүн худалдсан гэм буруутайд тооцож, таван жил зургаан сарын хугацаагаар хорих ял шийтгэв.
Мөн олон улсад эрэн сурвалжилж, Казахстанаас шилжүүлэн авсан зардалд 11 сая төгрөг гаргуулан цагдаагийн байгууллагад олгохоор болжээ.
Сэтгэгдэл (1)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.