Ерөнхийлөгч У.Хүрэлсүх "Завхан баялаг" ХК-ийн үйл ажиллагаатай танилцжээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх "Завхан баялаг" ХК-ийн үйл ажиллагаатай танилцжээ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Завхан аймагт ажиллах үеэрээ “Завхан баялаг” ХК-ийн үйл ажиллагаатай танилцжээ.

101 жилийн түүхтэй тус үйлдвэр нь үндэсний шилдэг аж ахуйн нэгжүүдийн нэг бөгөөд орон нутгийн хүнсний үйлдвэрлэлийг хөгжүүлэх, хүн амын хэрэгцээг дотоодоос хангах чиглэлээр үйл ажиллагаагаа өргөжүүлэн ажиллаж байна.

Завхан аймаг Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Хүнсний хувьсгал” үндэсний хөдөлгөөний хүрээнд мах, сүү, хүнсний ногооны хэрэгцээг дотоодоос бүрэн хангах зорилт дэвшүүлж, тодорхой төлөвлөгөө хэрэгжүүлж буйн нэг жишээ энэ юм.

“Завхан баялаг” ХК нь талх, нарийн боов, чихэр, жимс жимсгэнэ, цай, ус, ундаа, хүнсний давс, дарс, газар тариалан, чацарганы аж ахуй зэрэг чиглэлээр 60 орчим нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг. Жилд 2-3 тэрбум төгрөгийн борлуулалт хийж, аймгийн татварын орлогыг нэмэгдүүлэхэд хувь нэмэр оруулж байна.

Тус компани бүтээгдэхүүнээ хөрш зэргэлдээ аймгууд болон Улаанбаатар, Эрдэнэт, Дархан хотод нэрийн дэлгүүрээр дамжуулан үйлдвэрийн үнээр борлуулдаг байна. Ялангуяа чацаргана, нэрсний өтгөрүүлсэн шүүс, иоджуулсан давс нь хэрэглэгчдийн эрэлт ихтэй бүтээгдэхүүнд тооцогддог.

Анх 1925 онд Архины хороо нэртэйгээр байгуулагдсан тус үйлдвэр 1960 онд хүнсний үйлдвэр болон өргөжин, 1998 онд хувьчлагдан “Завхан баялаг” ХК болжээ. Өдгөө 40 гаруй ажилтантайгаар үйл ажиллагаа явуулж байна.

Тус үйлдвэрийн хамт олон Завхан нутгийн байгалийн цэвэр түүхий эдийг ашиглан байгаль орчин, хүний эрүүл мэндэд ээлтэй технологи нэвтрүүлж, MNS болон ISO стандартын шаардлагад нийцсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа нь хэрэглэгчдийн талархлыг хүлээж байна.

c8f52309a3fb56ea388d29befc934ee0

 

49f8f38d38ed39f30a6eb431246ac349

 

3aff566f6c920e7bb8f66657fb0196b7

 

339e61cf8ea5eac7cf1edbd353b34e81

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.