Шатнаас ойчсон хүнд тусламж үзүүлээгүйгээс нас барсан хэрэгт хоёр сувилагчийг буруутгав

Шатнаас ойчсон хүнд тусламж үзүүлээгүйгээс нас барсан хэрэгт хоёр сувилагчийг буруутгав

“Багануур” ХК-ийн ажилтан Х гэх хүн 2023 оны есдүгээр сард биедээ ил харагдах гэмтэл шархгүй нас барсан гэж эрүүл мэндийн байгууллагад бүртгэгдсэн нь сэжигтэй байжээ. Тиймээс Багануур дүүргийн Прокурорын газраас нарийвчлан шалгуулахаар Цагдаагийн хэлтсийнхэндээ шилжүүлсэн байна.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад иргэн Х ажлаасаа буугаад “Наран” гэх ресторанаар үйлчлүүлж, улмаар шатнаас нь унаж толгойгоо гэмтээсэн нь тогтоогджээ. Түүнийг шатнаас унасан байхыг харсан уг рестораны хамгаалалтын ажилтан нь түргэн тусламж дуудаж, Багануур дүүргийн Нэгдсэн эмнэлэгт хүргүүлсэн гэнэ. Тус эмнэлгийн Эрчимт эмчилгээний тасгийн хоёр сувилагч иргэн Х-ыг бүртгэлд оруулалгүй, эмчийн үзлэг хийлгэлгүйгээр цагдаа дуудсан байна. Гэтэл тухайн иргэн нас нөгчиж, гудамжнаас цогцос нь олджээ.

Талийгаачийн цогцост задлан шинжилгээ хийхэд толгойдоо авсан хүнд гэмтлийн улмаас нас барсан нь тодорхой болсон аж. Тиймээс Багануур дүүргийн Нэгдсэн эмнэлгийн сувилагч Ц.М, Д.О нарт Эрүүгийн хуулийн 15.1-3 дахь хэсгийн “Эмнэлгийн мэргэжилтэн эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх үүргээ хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр биелүүлээгүйгээс, эсхүл зохих ёсоор биелүүлээгүйгээс хохирогч нас барсан” гэх заалтын дагуу яллагдагчаар татсан гэнэ. Улмаар яллах дүгнэлт үйлдүүлж, шүүхэд шилжүүлэх саналаа мөрдөгч илэрхийлэн Багануур дүүргийн Прокурорын хяналтад хүргүүлжээ. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.