УИХ-ын гишүүн Х.Тэмүүжингийн илгээсэн төслүүд хууль, журам баримтлаагүй гэж үзэв

УИХ-ын гишүүн Х.Тэмүүжингийн илгээсэн төслүүд хууль, журам баримтлаагүй гэж үзэв

Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаан, Шүүгчдийн зөвлөгөөн болж, Үндсэн хуулийн цэцээс ирүүлсэн зарим хуулийн заалттай холбоотой хүсэлтэд хариу өгөхөөр болжээ. Тухайлбал, Шүүхийн тухай хуулийн 31.3 дахь хэсэг Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн, эсэх асуудлаар урьдчилан шийдвэрлэх ажиллагаа явуулж байгаатай холбогдуулан Цэц тайлбар хүссэн аж. Мөн Зөрчлийн тухай хуулийн 1.4-6 дахь хэсэг Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн, эсэх асуудлаар маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж буйтай холбоотойгоор бас тайлбар хүссэн юм байна.

Эдгээрт тодорхой хариу өгөхөөр Дээд шүүхийн шүүгч нар шийдвэрлэжээ. УИХ-ын гишүүн Х.Тэмүүжингээс Дээд шүүхэд хандан Үндсэн хуулийн цэцийн тухай болон Цэцэд маргаан хянан шийдвэрлэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг илгээснийг танилцаж, эрх мэдэл хуваарилах, хууль бүтээх үйл ажиллагааны үндсэн зарчмуудад нийцүүлж ирүүлээгүй, хуулийн төсөлд санал авах талаарх хууль тогтоомжид заасан журмыг баримтлаагүй гэж дүгнэсэн байна. Тиймээс ямар нэг санал гаргахгүйгээр төслийг буцаахаар болжээ.

Харин Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяраас тус шүүхэд хүргүүлсэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд болон Нотариатын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй танилцаж, санал хүргүүлэхээр тогтсон аж. Эдгээрээс гадна Шүүхийн тухай хуулийг боловсронгуй болгох санал болон УИХ-ын гишүүн П.Сайнзоригоос ирүүлсэн Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон дагалдах бусад хуулийн төсөлтэй танилцсан гэнэ. Түүнчлэн анхан болон давж заалдах шатны шүүхийн гурван шүүгчээс Улсын дээд шүүхийн ерөнхий шүүгч болон нийт шүүгчийн хуралдаанд хандан ирүүлсэн хүсэлттэй танилцаж, судалгаа хийх шаардлагатай гэж үзэн хойшлуулсан байна. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.