Монгол Улсыг визний бондын жагсаалтаас хасахыг АНУ-ын ЭСЯ-нд илэрхийлжээ

Монгол Улсыг визний бондын жагсаалтаас хасахыг АНУ-ын ЭСЯ-нд илэрхийлжээ
АНУ-ын B1/B2 ангиллын визийн бүх шаардлагыг хангаж буй Монгол Улсын иргэд виз олгогдохоос өмнө 15,000 ам.доллар хүртэлх хэмжээний барьцаа (визийн бонд)-ыг 2026 оны 4 дүгээр сарын 2-ны өдрөөс эхлэн байршуулах шаардлагатай болсон. Тус асуудалтай холбогдуулан ГХЯ-ны сайд Б.Батцэцэг АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны дэд тэргүүн Нийл Вермильэн тэргүүтэй дипломатуудтай уулзжээ. 
 
Тодруулбал, АНУ-ын Төрийн департамент болон Дотоодын аюулгүй байдлын яамнаас визийн сахилга бат, хяналтыг сайжруулах, АНУ-д зорчих гадаад иргэдийн визийн хугацаа хэтрүүлэх эрсдэлийг багасгах хүрээнд тус улсын Цагаачлал, харьяатын тухай хуулийн дагуу B1/B2 ангиллын виз мэдүүлэх гадаадын иргэдэд визийн барьцаа байршуулах хөтөлбөр /Visa Bond/-ийн нэмэлт 12 орны жагсаалтад Монгол Улсыг хамруулсан. Үүнтэй холбогдуулан Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны дэд тэргүүн Нийл Вермильэн тэргүүтэй дипломатуудтай 2026 оны 3 дугаар сарын 19-ний өдөр ГХЯ-нд уулзжээ.
 
Уулзалтын эхэнд монголын тал үүсээд буй нөхцөл байдлын талаар тодруулга, тайлбар авч, Монгол Улсын Стратегийн Гуравдагч хөрш болох АНУ-ын Засгийн газар ийм шийдвэр гаргасан үндэслэл, шалтгааныг ойлгоход хүндрэлтэй байгааг тэмдэглэж, уг шийдвэр нь өсөн нэмэгдэж ирсэн хоёр улсын бизнес, аялал жуулчлал, иргэд хоорондын харилцаа болон бусад салбарын хамтын ажиллагааг хязгаарлах хүчин зүйл болж байгаа энэхүү шийдвэрт гүнээ харамсаж байгаагаа илэрхийлэв. Уг жагсаалтаас Монгол Улсыг гаргахад АНУ-ын ЭСЯ-ыг хамтран ажиллана гэдэгт итгэлтэй байгаагаа мөн илэрхийлэв.
 
АНУ-ын тал Визийн барьцаа байршуулах хөтөлбөрт 38 орон хамрагдаж байсныг 50 болгон нэмэгдүүлсэн нь АНУ-д зорчих жуулчдын визийн сахилга бат, хяналтыг сайжруулах, визийн хугацаа хэтрүүлэх явдлыг таслан зогсоох зорилгоор АНУ-ын Засгийн газраас хэрэгжүүлж буй цогц бодлогын нэг хэсэг гэдгийг тэмдэглэж, уг шийдвэртэй холбоотой илүү дэлгэрэнгүй мэдээллийг монголын талд өгөх, жагсаалтаас Монгол Улсыг гаргах чиглэлд хамтран ажиллахаа илэрхийлжээ. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.