Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр “Эрдэнэт” үйлдвэрийн удирдлагатай уулзлаа

Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр “Эрдэнэт” үйлдвэрийн удирдлагатай уулзлаа

Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр, Төрийн нарийн бичгийн дарга И.Батхүү нар Уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэр ТӨҮГ-ын ерөнхий захирал Г.Ёндонг өнөөдөр /2026.03.19/ хүлээн авч уулзан, үйлдвэрийн үйл ажиллагаа болон хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөр, хөрөнгө оруулалт, цаашдын хөгжлийн бодлогын талаар дэлгэрэнгүй ярилцлаа.

11 3

Уулзалтын эхэнд “Эрдэнэт” үйлдвэрийн ерөнхий захирал Г.Ёндон үйлдвэрийн өнөөгийн нөхцөл байдал, үйлдвэрлэлийн хэмжээ, технологийн шинэчлэл, санхүүгийн үзүүлэлтүүд, экспортын үйл ажиллагааны талаар танилцуулга хийв. Тэрбээр сүүлийн жилүүдэд үйлдвэрлэлийн үр ашгийг нэмэгдүүлэх, зардлыг бууруулах, техник, технологийн шинэчлэлийг үе шаттайгаар хэрэгжүүлэх, байгаль орчинд ээлтэй үйлдвэрлэлийг дэмжих чиглэлд ахиц гарч байгаа гэв.

15 2

Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр уул уурхайн салбар Монгол Улсын эдийн засгийн гол тулгуур хэвээр байгааг тэмдэглээд, “Эрдэнэт” үйлдвэр нь зөвхөн үйлдвэрлэлийн хэмжээгээр бус засаглал, ил тод байдал, үр ашиг, нийгмийн хариуцлагын хувьд тэргүүлэх жишиг байгууллага байх шаардлагатайг онцлов. Мөн тэрбээр нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, гүн боловсруулалтын түвшинг ахиулах, олон улсын зах зээлд өрсөлдөх чадварыг сайжруулах нь цаашдын хөгжлийн гол чиглэл болохыг дурдлаа.

Түүнчлэн үйлдвэрлэлийн бүтээмжийг нэмэгдүүлэх, дэвшилтэт технологийг нутагшуулах, хөрөнгө оруулалтын бодлого, санхүүжилтийн эх үүсвэрийг оновчтой болгох, экспортын зах зээлийг төрөлжүүлэх талаар онцоллоо.

Талууд цаашид үйлдвэрийн үйл ажиллагааг олон улсын стандартад нийцүүлэн сайжруулах, инноваци, дэвшилтэт технологид суурилсан хөгжлийн шинэ шатанд гаргах, тогтвортой хөгжлийн зарчмыг үйл ажиллагаандаа бүрэн хэрэгжүүлэх талаар ярилцсан юм.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.