🔴Н.Номтойбаяр: Эрх мэдлийн төлөөх тэмцлээс болж төрийн ажил гацаж, эдийн засагт хохирол учруулах ёсгүй
МАН-ын дарга УИХ-ын даргын албан тушаалаа өгөх хүртэл УИХ дахь АН-ын бүлэг чуулганы нэгдсэн хуралдаанд оролцохгүй гэх байр суурийг илэрхийлээд байна.
УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр эрх баригч нам ирцээ бүрдүүлж чадахгүй байгааг шүүмжилж, төрийн ажлыг гацаахгүй байхыг уриалав.
УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр:
-"Үндэсний эвсэл"-ийн дөрвөн гишүүн өнөөдөр улс төрийн нөхцөл байдлын талаар зөвлөлдсөн. Засгийн газрыг бүрдүүлж буй МАН, ХҮН нам, Иргэний зориг ногоон намын 79 гишүүн өөрсдөө ирцээ бүрдүүлж, сайд нарыг томилох, чөлөөлөх асуудлаа шийдэх ёстой. Засгийн газрын өмнө үүрэг хүлээгээгүй тул "Үндэсний эвсэл" энэ процесст оролцох шаардлагагүй бөгөөд эрх баригчид ирцээ бүрдүүлсэн тохиолдолд чуулганы үйл ажиллагаанд хэвийн оролцоно.
Улс оронд үүсээд буй "зовлонгийн учир шалтгаан" нь МАН-ын дотоод улс төртэй шууд холбоотой. Нам доторх өрсөлдөгчөө хууль хяналтын байгууллагаар шалгуулдаг, эрүүгийн хэрэгт холбогдуулдаг зүй бус тогтолцоо газар авсан. Тухайлбал, УИХ-ын дэд дарга Б.Булгантуяаг эрүүгийн хэрэгт татаж буйг МАН-ын дотоод зөрчлийн илрэл гэж харж байна.
Мөн Ардчилсан намын бүлгээс гаргасан УИХ-ын дарга намын даргын ажлаа давхар хаших нь буруу гэсэн байр суурийг "Үндэсний эвсэл" дэмжиж байна. Сонгуульд ялсан намын дарга Ерөнхий сайд болж, мөрийн хөтөлбөрийнхөө хэрэгжилтийг хариуцдаг тогтолцоог бэхжүүлдэг. Энэхүү шаардлага нь төрийн ажлыг хурдасгах, хариуцлагажуулах дохио.
Хаврын бүтээн байгуулалт, барилга, уул уурхайн салбарын ажил эхлэх гэж буй энэ чухал үед эрх мэдлийн төлөөх тэмцлээс болж төрийн ажил гацаж, эдийн засагт хохирол учруулах ёсгүй. Тиймээс МАН-ыг улс төрийн санаачилга гаргаж, дотоод асуудлаа нэг мөр шийдвэрлэн, ажил хэрэгч байдлаар хандахыг уриаллаа.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.