🔴О.Цогтгэрэл: Аль нэг намын дарга парламeнтын дарга байж болохгүй
Ардчилсан намаас долоо хоног бүрийн пүрэв гарагт уламжлал болгон зохион байгуулдаг "4-11" мэдээллийн цаг өнөөдөр боллоо. Хурлын эхэнд АН-ын дарга О.Цогтгэрэл болон УИХ дахь АН-ын бүлгийн дэд дарга Х.Тэмүүжин нар цаг үеийн хоёр үндсэн асуудлаар мэдээлэл өглөө.
УИХ дахь АН-ын бүлгийн дарга, АН-ын дарга О.Цогтгэрэл:
-Дэд сайдуудын орон тоог цомхотгох болон төрийн данхар бүтцийг цэгцлэх тухай АН-ын бүлгийн шаардлагад Засгийн газраас албан ёсны хариу ирүүлсэн. Засгийн газрын зүгээс АН-ын тавьсан шаардлагыг хууль зүйн үндэслэлтэй бөгөөд судалгааны түвшинд хүлээн авах боломжтой гэж үзсэн. Зөвхөн дэд сайд гэлтгүй төрийн бүтцийг цомхон болгох чиглэлд хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлсэн байна. АН-ын бүлэг уг хариуг ирэх долоо хоногийн хурлаараа хэлэлцэж, эцсийн байр сууриа нэгтгэхээр болсон.
Өмнөх жилүүдэд намын дарга нь УИХ-ын даргаар ажиллаж байсан буруу жишиг тогтсон нь төрийн хямрал, нэг намын дарангуйлалд хүргэсэн. Тиймээс энэхүү алдааг засаж, МАН-ын дарга УИХ-ын даргын албан тушаалаа өгөх хүртэл АН-ын бүлэг чуулганы нэгдсэн хуралдаанд оролцохгүй гэсэн байр сууриа хадгалж байна.
УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин:
- "Спикер бол гишүүдийн дарга биш, харин мэтгэлцээнийг тэнцвэртэй зохион байгуулагч, парламентын хяналтын чиг үүргийг хэрэгжүүлэгч хэрэгсэл юм. Англи, Япон зэрэг сонгодог парламентын засаглалтай орнуудад спикер нь намын гишүүнчлэлээсээ татгалздаг бол Герман, Францад намын албан тушаал хашихыг хатуу хориглодог. Намын дарга хүн парламентыг удирдаж байгаа тохиолдолд сөрөг хүчний дуу хоолой хязгаарлагдаж, тогтолцооны авлига үүсэх нөхцөл бүрддэг.
АН-ын зүгээс тавьж буй энэхүү шаардлага нь ямар нэгэн хуулийн төслийг саатуулах эсвэл тодорхой гишүүдийг хамгаалах зорилгогүй, зөвхөн Үндсэн хуулийн үзэл санааг хамгаалж, парламентын засаглалыг төгөлдөршүүлэх зарчмын асуудал. Түүнчлэн хууль зөрчсөн аливаа асуудлыг хуулийн байгууллагаар шалгуулах нь нээлттэй бөгөөд үүнд саад болохгүй гэдгээ илэрхийлэв.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.