Нийгмийн шаардлагаар Засгийн газрын гишүүдийг сэлгэлээ

Нийгмийн шаардлагаар Засгийн газрын гишүүдийг сэлгэлээ

Засгийн газрын тэргүүн Үндсэн хуульд заасан өөрийн бүрэн эрхийн хүрээнд Засгийн газрын гишүүддээ сэлгээ хийлээ. Шатарчин Г.Занданшатар хүү түлхэж, бод гаргалаа.

Гэвч 10.00 цагт эхлэх ёстой байсан чуулган “ирц хүрэхгүй” байгаагийн улмаас хуралдаж чадахгүй гацав. Юу ч хийх чадваргүй гэдэг нь бүрнээ харагдсан Эрчим хүчний болон Боловсролын сайд хоёрыг сэлгэхийг УИХ-ын гишүүд, тэр дундаа Ардчилсан намын бүлэг таалахгүй байна гэж үү?!

Ерөнхий сайд Г.Занданшатар, Б.Чойжилсүрэн, П.Наранбаяр хоёрт хариуцлага тооцсон нь нийгмийн шаардлага байсан.

Эрчим хүчний сайдаар хоёронтоо улирсан “Шаваа” Чойжоо барилга барихдаа сайнаас биш, эрчим хүчний салбарт реформ хийх чадваргүйгээ харуулсан. Нийслэлчүүд энэ өвлийг арай чамай давлаа. “Эрчим хүчний реформ хийх нь зайлшгүй” гэдэг үгэнд хүчээр орсон нийслэлчүүд хуруу хумсаа хуйхлан байж 2025 онд 550 тэрбум төгрөг халааснаасаа гаргаж өгсөн. Гэтэл энэ мөнгөөр засвар үйлчилгээ хийлгүй, өр төлбөртөө өгөөд дуусгасан нь тодорхой болсон. Энэ балгаар өнгөрсөн өвөл нийслэлчүүд золтой л явчихсангүй! Ийм хүнийг зайлуулах нь нийгмийн томоос том шаардлага байхгүй хаачихав!

Японд боловсрол эзэмшсэн П.Наранбаяраас олон хүн ихийг хүлээж байсан. Номын, эрдэм мэдлэгтэй энэ залууг их өөрчлөлт хийх байх гэж найдаж байсан. Гэвч тэр найдлагад хүрсэнгүй. Үндсэндээ юу ч хийж чадсангүй. Иймээс түүнийг Л.Энх-Амгалангаар сэлгэлээ. Л.Энх-Амгалан Багш нарын цалингийн асуудлыг нэг сарын дотор шийдэх боломж байгаа гэж харж байгаа” хэмээн ярьсан байна лээ. Харж л байя. Багш нарын цалингийн асуудлыг өргөс авах мэт шийдэх байсныг П.Наранбаяр олж хараагүй ч юм бил үү.

Ямартай ч, Ерөнхий сайд Г.Занданшатар өөрийн багт буй олны хэл ам таталсан, юу ч хийх чадваргүй гэдэг нь бүрэн харагдсан хоёр сайдаа явуулчихлаа. Үндсэн хуульд заасан эрхийнх нь дагуу УИХ-ын гишүүд чуулганынхаа ирцийг бүрдүүлээд засгийн ажлыг саад тотгоргүй хийлгэмээр байна. Нийгмийн шаардлагаар сэлгэгдсэн хоёр сайдын мэдээллийг сонсохыг олон нийт УИХ-ын гишүүдээс шаардаж байна.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.