🔴Б.Бат-Эрдэнэ: Цалин, тэтгэвэр нэмэгдүүлэх зэрэг ажил их байхад АН-ын гишүүд тангарагтаа үнэнч байж чуулгандаа суумаар байна
Улс төрийн намууд дотоод асуудалдаа анхаарч, парламентын үйл ажиллагаанд саад учруулж байгаа нь нийгмийн тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхэд тээг болж байна. УИХ-ын гишүүд зөвхөн улс төрийн зорилгоор бойкот хийж суух бус, парламентын зарчмаар асуудалд хандаж, ард иргэдийн өмнө тулгарсан бодит хүндрэлүүдийг нэн даруй хэлэлцэх шаардлагатай байгааг УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ хэллээ.
УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ:
-Өнөөдөр ахмадуудын тэтгэвэр, амьжиргааны түвшин маш хүнд нөхцөлд байна. Эрүүл мэндийн даатгалын сангийн асуудлаас үүдэж, иргэд эмнэлэгт хэвтэхдээ өдрийн 80 мянган төгрөг төлж байгаа нь 800 мянган төгрөгийн тэтгэвэртэй ахмад настны сарын орлого 10 хоногийн эмчилгээний зардалд ч хүрэхгүй байгааг харуулж байна. Энэ мэтчилэн эмнэлэгт хэвтэж чадахгүй байгаа олон ахмадын асуудлыг шийдвэрлэх, тэтгэврийг нэмэгдүүлэх асуудал орхигдож байна.
Боловсролын салбарт багш нарын үнэлэмжийг дээшлүүлж, цалин хөлсийг нэмэгдүүлэх замаар сургалтын чанарыг сайжруулах шаардлагатай байна. Салбарын сайдын зүгээс асуудлыг богино хугацаанд шийдвэрлэхээ мэдэгдэж байгаа ч бодит байдал дээр эмч, багш нар ажлаасаа олноор гарах үзэгдэл Сэлэнгэ аймаг болон бусад орон нутагт ажиглагдаж эхэлжээ. Төрийн ордны цонхоор амьдрал сайхан харагдаж болох ч бодит байдал дээр мэргэжилтнүүд салбараа орхиж, иргэд эмнэлгийн тусламж авч чадахгүй байна.
Эдийн засгийн нөхцөл байдал ч амаргүй байна. Дэлхий дахинд үүсээд буй геополитикийн нөхцөл байдал, тэр дундаа Ирантай холбоотой асуудлаас үүдэж нефтийн үнэ өсөж, олон улсын авиа компаниуд тийзийн үнээ нэмж эхэллээ. Энэ нь зөвхөн зорчих хөдөлгөөн төдийгүй, агаараар тээвэрлэдэг бараа бүтээгдэхүүний үнэ, улмаар инфляцад шууд нөлөөлөхөөр байгаа.
Ийм эгзэгтэй цаг үед Ардчилсан нам болон бусад улс төрийн хүчнүүд чуулганыг бойкотлох бус, парламентын сонгодог зарчмаар асуудлаа хэлэлцэж, шийдэл гаргах ёстойг санууллаа. УИХ-ын гишүүдийн бүрэн эрх нээлттэй, намын бүлгүүд үйл ажиллагаа явуулах боломжтой байхад ирц бүрдүүлэхгүй байгаа нь улс орны өмнө тулгарсан асуудлуудыг хойш татаж байна гэлээ.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.