Сүхбаатар дүүргийн ЗДТГ-ын дарга асан Н.Одончимэг нарын хэргийг шүүх шийдэх ёстой болов
Сүхбаатар дүүргийн ЗДТГ-ын даргын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байсан Н.Одончимэг нарт холбогдох хэргийг нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх өчигдөр прокурорын бичсэн эсэргүүцлийг үндэслэн хэлэлцлээ. Уг хэргийг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд өнгөрсөн оны арванхоёрдугаар сард хэлэлцээд нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр буцаах захирамж шүүгч гаргасан юм. Харин давж заалдах шатны шүүх уг захирамжийг үндэслэлгүй гэж үзэн хүчингүй болгож, анхан шатны шүүхээр шийдвэрлүүлэхээр болов.

Н.Одончимэгийг хахууль авч байх үйлдэл дээр нь 2024 оны аравдугаар сард АТГ-ынхан саатуулж шалгаж эхэлсэн юм. Тэрбээр Сүхбаатар дүүргийн Нэгдсэн эмнэлгийн барилга барих ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерт оролцон шалгарсан аж ахуйн нэгжийн удирдлагаас 55 сая төгрөгийн хахууль авсан хэрэгт холбогдсон. Уг тендерт С.Гантөмөр, Б.Боролзойхүү хэмээх эцсийн өмчлөгч, гүйцэтгэх захиралтай “Ванхүү” ХХК шалгарсан байдаг. Н.Одончимэгийг бас албан тушаал, эрх мэдлээ урвуулж “Интерконсалтинг констракшн” гэх компанид давуу байдал олгон хахууль авсан хэрэгт буруутгаж байгаа.
Уг хэрэгт дээрх хүмүүсээс гадна Ч.Ариунтунгалаг, Ч.Ганчөдөр гэх хоёр хүнийг Эрүүгийн хуулийн 22.13-1 дэх хэсгийн “Нийтийн албан тушаалтнаас бусад этгээд хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс ажлын чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд, эсхүл хэрэгжүүлэхийн тулд, эсхүл хэрэгжүүлээгүйн хариуд, эсхүл хэрэгжүүлэхгүй байхын тулд, эсхүл гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийсэн, эсхүл хийхийн тулд шууд, бусдаар дамжуулан хахууль өгөхийг шаардсан, авсан” гэх заалтын дагуу яллагдагчаар татсан юм.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.