Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд театрын барилга барихыг дэмжээгүйн төлөө захирал Ё.Нямжавыг чөлөөлжээ

Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд театрын барилга барихыг дэмжээгүйн төлөө захирал Ё.Нямжавыг чөлөөлжээ

Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд Үндэсний урлагийн их тетарын барилга барих саналыг дэмжээгүйн төлөө тус хүрээлэнгийн захирал Ё.Нямжавыг чөлөөлөхөөр болжээ.

Тэрбээр фэйсбүүк хуудсандаа “Нийслэлийн ЗДТГ-ын Хүний нөөцийн хэлтсийн дарга утасдаж, өнөөдрөөр тасалбар болгон ажлаас чөлөөлж байгааг дуулгалаа. Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд Үндэсний урлагийн их театр барихад зориулж таван га газар ашиглуулах гэрээнд гарын үсэг зурахгүй гэснээрээ сар гаруйн өмнөөс би томчуудын нүдэнд торсон хог болсон. Үндэсний аюулгүй байдлын зөвлөл (ҮАБЗ)-өөс энэ асуудлаар намайг саяхан дуудаж уулзсан. Цагаан сарын дараа нийслэлийн ЗДТГ-ын дарга Оюунчимэгтэй уулзахдаа энэ талаар хэлсэн, бичгийг өгсөн. Тэр үед шийдвэр хэрэгжүүлээгүй, даалгавар биелүүлээгүй үндэслэлээр чөлөөлөгдөх болсноо ойлгосон.

Нийслэлд ганцхан томоохон, чухал байршилтай хүрээлэнгээ бетонон ширэнгэ болгочихгүй, ногооноор нь аваад үлдчих сэтгэл ганц хүнд ядаж үлдээсэй билээ” хэмээн бичсэн байв.

Мөн тэрбээр Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгээс ҮАБЗ-д хүргүүлсэн саналдаа ундны усны эх үүсвэр, экологийн тэнцвэрийг хамгаалах, Улаанбаатар хотын ногоон байгууламжийн хэмжээг тодорхойлоход өндөр хувь нэмэр оруулж буйгаа тодотгоод Үндэсний урлагийн их театрын барилга барих байршлыг өөрчлөх, уг барилгыг барьснаар хэтдээ “ширэнгэжиж”, хүрээлэнгээ алдах вий гэсэн айдастай буйгаа илэрхийлжээ. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.