Богд уулын газрыг хууль бусаар олгосон БОАЖЯ-ны мэргэжилтнийг шүүхэд шилжүүллээ
Дэлхийн анхны дархан цаазат Богд хан уулын амнуудад эрх мэдэлтнүүд дур зоргоороо газар олгосноос өдгөө орон сууцын хорооллуудаар дүүрчихээд буй билээ. Ингэж дураараа газар олгосон албан тушаалтнуудаас хариуцлага хүлээсэн хүн маш цөөн. Тэгвэл эл ууланд газар олгосон нэгэн албан тушаалтны хэрэгт Нийслэлийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдээд байна.
Хуучнаар БОАЖЯ-ны Төрийн захиргааны удирдлагын газрын Хуулийн хэлтсийн салбарын эрх зүйн системчлэл, боловсруулалт, хяналт, хуулийн асуудал хариуцсан ахлах мэргэжилтний албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байсан Г.Жамбалдорж нь Богд хан уулын хамгаалалтын захиргааны даргаар ажилладаг М.Дорж болон иргэн Т.Төмөр-Очир нарын хамтаар эрх мэдлээ урвуулан нэр бүхий компанид давуу байдал олгосон хэрэгт холбогдоод буй юм. Тухайн компани нь Богдхан уулын дархан цаазат газарт 7954.7 ам метр талбай бүхий газрыг ашиглах эрх БОАЖЯ-наас олгосон бөгөөд уг мэргэжилтэн ийм нөхцөлийг бүрдүүлж өгсөн хэмээн буруутгагджээ.
Тиймээс Г.Жамбалдорж, М.Дорж, Т.Төмөр-Очир нарт Эрүүгийн хуулийн 22.1-1 дэх хэсгийн “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгосон” гэх заалтыг үндэслэн прокурор яллах дүгнэлт үйлдэж, гэм буруутай, эсэхийг нь дэнслүүлэхээр Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд шилжүүлжээ.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.