🔴Т.Доржханд: Эрчим хүчний яамыг инжeнeр хүн удирдах албагүй. Сайдад Б.Найдалааг нэр дэвшүүлсэн
Засгийн газрын бүрэлдэхүүнд өөрчлөлт орж, зарим сайд нар үүрэгт ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ гаргаад байна. Тодруулбал, Боловсролын сайд П.Наранбаяр болон Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн нар албан тушаалаа хүлээлгэн өгөх өргөдлөө Ерөнхий сайдад хүргүүлжээ. Монгол Улсын Үндсэн хуулийн дагуу Ерөнхий сайд танхимаа бүрдүүлэх бүрэн эрхийнхээ хүрээнд эдгээр томилгооны асуудлыг шийдвэрлэх юм.
Энэхүү бүтцийн өөрчлөлтийн хүрээнд "ХҮН" нам эрчим хүчний салбарын реформыг хариуцан ажиллахаар улс төрийн түвшинд ойлголцолд хүрсэн байна. Тус намын зүгээс эрчим хүчний салбарын шинэчлэлийг мөрийн хөтөлбөрийнхөө гол цөм болгон тусгаж, Реформын үндэсний хороог тодорхой хугацаанд ажиллуулж ирсэн. Цаашид энэхүү томоохон шинэчлэлийг тууштай үргэлжлүүлэх шаардлагатай гэж үзэж байгаа бөгөөд холбогдох томилгоог энэ долоо хоногт багтаан УИХ-ын чуулганаар хэлэлцүүлэх хүлээлттэй байна.
Боловсролын сайд П.Наранбаярын тухайд салбарынхаа бодит цалинг 50 хувиар нэмэгдүүлж, хөрөнгө оруулалтыг хоёр дахин өсгөсөн зэрэг амжилттай ажилласан гэж "ХҮН" намын Удирдах зөвлөл дүгнэжээ. Түүнийг ажлын хариуцлага алдсан гэх үндэслэлээр бус, харин Засгийн газрын стратегийн зорилт, улс төрийн тохиролцооны хүрээнд ийнхүү сэлгэж байгааг онцоллоо. П.Наранбаяр сайд 2026 оныг "Боловсролын жил" болгон зарлах бэлтгэл ажлыг бүрэн хангаж, салбартаа томоохон суурь өөрчлөлтүүдийг эхлүүлсэн гэв.
Сайдад нэр дэвшигчдийн тухайд "ХҮН" намаас УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Б.Найдлаа болон УИХ дахь "ХҮН" намын зөвлөлийн дарга Ж.Ганзориг нарын нэрийг дэвшүүлэн хэлэлцэж байна. Намын зүгээс нэр дэвшигчдийнхээ саналыг Ерөнхий сайдад хүргүүлсэн бөгөөд эцсийн шийдвэрийг Гүйцэтгэх засаглалын тэргүүн гаргах юм.
Эрчим хүчний салбарт заавал инженер хүн ажиллах ёстой гэхээс илүүтэй санхүүгийн загварыг нь өөрчилж, тогтолцооны реформ хийх чадвартай эдийн засагч, менежер хүн шаардлагатай. Өнөөдөр тус салбар өр төлбөрт баригдаж, зах зээлийн системд шилжиж чадаагүй байгаа нь хамгийн том гацаа болоод байгаа юм. Тиймээс зоригтой шийдвэр гаргаж, үнэ тарифыг бодит өртөгт дөхүүлэх, хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг татах чадвартай боловсон хүчин энэ салбарыг удирдах нь зүйтэй гэж үзэж байна.
Сэтгэгдэл (3)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.