Орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны 105 жилийн ой тохиож байна
Өнөөдөр орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны 105 жилийн ойн баярын өдөр тохиож байна. Төрийн тэргүүн У.Хүрэлсүх баярын мэндчилгээ дэвшүүлж, энх тайвны төлөө зүтгэж буй "Цэнхэр дуулгатан" болон ахмад дайчдад хүндэтгэл үзүүллээ. Түүхт ойн хүрээнд 1921 оны энэ өдөр Жанжин Д.Сүхбаатарын удирдсан Ардын журамт цэрэг Хиагт хотыг чөлөөлж, анхны ялалтаа байгуулсан түүхтэй бөгөөд энэ жил уг үйл явдлын түүхт ойг улс орон даяар тэмдэглэж байна.
Батлан хамгаалах салбараас төв талбайд "Нээлттэй хаалганы өдөрлөг"-ийг гурван өдрийн турш зохион байгуулж байна. Өдөрлөгийн үеэр Цэргийн төв эмнэлгээс иргэдэд эрүүл мэндийн үзлэг үнэ төлбөргүй хийж, цэргийн түүхийн 105 жилийн үзэсгэлэнг олон нийтэд дэлгэжээ. Мөн цэргийн бүртгэл, гэрээт албанд элсүүлэх үйлчилгээ үзүүлэхийн зэрэгцээ үлээвэр найрал хөгжмийн тоглолт, хип хоп дууны уралдаан зэрэг соёл урлагийн арга хэмжээнүүд өрнөж байна. Ёслолын үеэр Зэвсэгт хүчний зарим офицеруудад "Хурандаа" цол олголоо.
Үндэсний статистикийн хорооноос баярын өдрийг тохиолдуулан эрчүүдийн талаарх сонирхолтой тоон мэдээллийг танилцууллаа. Нийт хүн амын 49.1 хувийг буюу ойролцоогоор 1.7-1.8 саяыг эрчүүд эзэлж байна. Тэдний дундаж наслалт 65.9 жил байгаа нь эмэгтэйчүүдийнхээс даруй таван жилээр богино үзүүлэлт юм. Биеийн үзүүлэлтийн хувьд эрчүүдийн дундаж өндөр 168 см, дундаж жин 65 кг байгааг онцолжээ.
Боловсрол, ажил эрхлэлтийн хувьд эрчүүдийн 15 хувь нь дээд боловсрол эзэмшсэн бөгөөд нийт 659.7 мянган эрэгтэй ажлын байртай байна. Тэд дунджаар 26 насандаа гэрлэдэг бөгөөд нийт өрхийн нэг хувийг өрх толгойлсон эцгүүд эзэлж байгаа юм. Оршин суугаа газрын хувьд 48.3 хувь нь хотод, 51.7 хувь нь хөдөө орон нутагт амьдарч байна. Түүнчлэн ажил эрхэлж буй эрчүүдийн 46 хувь нь сонгуульдаа идэвхтэй оролцдог гэсэн үзүүлэлт гарчээ. Баярын өдрөөр иргэд хуушуур, боодог, чанасан мах, цуйван зэрэг уламжлалт хоол хүнсийг түлхүү хэрэглэдэг заншил хэвээр байна.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.