“Шангри-Ла Улаанбаатар”-ынхан хүүхдүүд нэгэндээ халддаг хэсгийг битүүмжилсэн хэмээн мэдэгджээ
Өсвөр насныхан нэгэндээ халдаж, эрүүл мэндэд нь хохирол учруулж буй хэд хэдэн бичлэг олон нийтийн сүлжээнд цацагдсан. Тэдгээрийн хоёр нь Сүхбаатар дүүргийн нутагт үйлдэгдсэн бөгөөд түүнд таван хүүхдийг холбогдуулан мөрдөн шалгах ажиллагаа явуулж буй аж.
Сүхбаатар дүүргийн Прокурорын газрынхнаас энэ талаар тодруулахад “Цахим сүлжээнд гарсан бичлэгтэй холбогдуулан нэр бүхий таван хүүхдийг насанд хүрээгүй хохирогчид тодорхой үйлдэл хийх, хийхгүй байхыг шаардаж биед нь халдаж, хүч хэрэглэсэн буюу Эрүүгийн хуулийн 13.5 дугаар зүйлд заасан үндэслэлээр яллагдагчаар татан, мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.
Тэдний нэгэнд Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах, нэр бүхий хүмүүстэй уулзахыг хориглох хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авсан. Гэмт хэрэг гаргахад нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг арилгуулах, дахин гэмт хэрэг үйлдэгдэхээс сэргийлэх зорилгоор холбогдох байгууллагад прокурорын мэдэгдэл хүргүүлсний дагуу нэр бүхий компаниас хэрэг болсон худалдааны төвийн аваарын шатны хэсгийг битүүмжилж, хөдөлгөөнийг хязгаарлан, байнгын хараа хяналттай болгосон талаар хариу өгсөн” гэв.
Өөрөөр хэлбэл, өсвөр насныхан нэгэндээ халдсан хэрэг гарсан “Шангри-Ла Улаанбаатар” төвийн худалдаа, үйлчилгээний хэсгийн яаралтай үеийн ослын шатыг битүүмжлээд буй талаараа прокурорын байгууллагад хариу мэдэгдсэн байна.
Мөн Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас уг хэрэгт Д.Саямаа гэх охиныг Эрүүгийн хуулийн 13.5-2.1 дэх хэсгийн бусдыг тодорхой үйлдэл хийхийг шаардаж хүч хэрэглэн заналхийлсэн хэргийг бүлэглэж үйлдсэн, 13.11-2.1-ийн хүний хувийн нууцыг цахим сүлжээ ашиглан задруулсан гэх заалтын дагуу яллагдагчаар татаж, Дүүргийн эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхээс эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх, дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор түүнийг Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлаж, бусад холбогдогч нартай уулзахыг хязгаарлах таслан сэргийлэх арга хэмжээ аваад буй билээ.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.