🔴Цусны хорт хавдартай тэмцэж буй бяцхан хүүд амьдрал бэлэглэх хандивын аян өрнөж байна

AI хөрвүүлсэн
Ихэр аавын ихэр хөвгүүдийн нэг А.Ганхүлэг цусны хорт хавдар үсэрхийлсэн оношоор гадаадад яаралтай үүдэл эс шилжүүлэн суулгах хагалгаа хийлгэх болжээ. Ар гэрийн зүгээс ард түмнээсээ сэтгэлийн хандивт хувь нэмрээ оруулахыг хүсэж байна.
 
Төв аймгийн Бүрэн сумын харьяат, Г.Адьяасүрэнгийн гэр бүлд тохиолдсон хүнд сорилтын талаар ар гэрийнхэн нь мэдээлэл хийж, Монголын ард түмнээс тусламж хүслээ. Арван жил хүлээж байж заяасан хоёр ихэр хүүгийн нэг нь цусны хорт хавдар гэх хүнд өвчнөөр оношлогдож, өдгөө БНХАУ-д амь насны төлөө тэмцэж байна.
 
Хүү анх өнгөрсөн оны 10 дугаар сард бие нь гэнэт муудаж, Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд (ЭХЭМҮТ) ханджээ. Монголд гурван удаагийн химийн эмчилгээ хийлгэсэн боловч өвчин нь дахиж, яаралтай үүдэл эс суулгах шаардлагатай болсон байна. Манай улсад энэ төрлийн хагалгааг хийх боломжгүй тул БНХАУ-ын "Лу Даопэй" эмнэлэгт хандаж, бүрэн эмчлэгдэх боломжтой гэсэн хариу авснаар өнгөрсөн гуравдугаар сард тус улсыг зорьжээ.
 
Эмчилгээний нийт зардал 600 сая төгрөг бөгөөд одоогоор хандивын аянаар 80 орчим сая төгрөг цуглаад байна. Энэ нь нийт зардлын ердөө 13 хувь бөгөөд үлдсэн 520 сая төгрөгийг босгоход Монголын ард түмэн, аж ахуйн нэгжүүдийн дэмжлэг нэн шаардлагатай байгааг хүүгийн эмээ Л.Даваа болон авга эгч Г.Дуламсүрэн нар нулимс дуслуулан ярилаа. Одоогоор хүүгийн аав, ээж хоёр БНХАУ-д шинжилгээ өгч, донор болохоор хүлээж байгаа бөгөөд төлбөр шийдэгдвэл хагалгаанд ороход бэлэн болоод байгаа юм.
 
Хэвлэлийн бага хуралд оролцсон Төв аймгийн ИТХ-ын төлөөлөгч хэлэхдээ, жилд 100-300 хүн гадаадад зайлшгүй эмчлүүлэх шаардлагатай болдог статистикийг дурдаад, төр засгаас энэ төрлийн өндөр өртөгтэй эмчилгээнд тогтолцооны дэмжлэг үзүүлэх, тусгай сан бүрдүүлэх шаардлагатай байгааг онцлов. Мөн тус тойргоос сонгогдсон УИХ-ын гишүүд болон сайд нарыг энэхүү тулгамдсан асуудалд анхаарал хандуулж, буяны гараа сунгахыг уриаллаа.
 
Хүүд туслах "Ихэр заяа" хандивын тоглолт 4 дүгээр сарын 12-ны 19:00 цагт МҮЭ-ийн Соёлын төв ордонд болно. Тасалбарын үнэ 50,000 төгрөг бөгөөд 88280299 дугаараар холбогдож мэдээлэл авах боломжтой.
 
Элэг нэгт монгол ахан дүүс та бүхнийг бяцхан хүүд амьдрал бэлэглэх ариун үйлсэд нэгдэж, боломж бололцоогоороо туслахыг гэр бүлийнхэн нь чин сэтгэлээсээ хүсэж байна. Олны олон таван толгой гэдэгчлэн хүн бүрийн сэтгэлийн дэм энэ бяцхан хүүгийн амь насыг аврах алтан боломж болох юм.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.