🔴Б.Баяраа: МҮЭХ түрээслэгч байгууллага болон хувирсан
Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн бүтэц, үйл ажиллагаа болон Монголын Үйлдвэрчний Эвлэлийн Холбоонд (МҮЭХ) үүсээд буй нөхцөл байдлын талаар тус зөвлөлийн гишүүн Б.Баяраа мэдээлэл хийлээ.
Хуульд зааснаар Үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүнд даатгуулагчийг төлөөлж үйлдвэрчний эвлэлээс гурав, ажил олгогчийг төлөөлж гурав, Засгийн газрыг төлөөлж Санхүү, хууль зүй болон Нийгмийн хамгааллын асуудал эрхэлсэн сайд нар багтдаг. Эдгээр гишүүдийг УИХ-ын холбогдох байнгын хорооноос нээлттэй сонгон шалгаруулж, зургаан жилийн хугацаатай томилдог байна. Гэвч сүүлийн үед МҮЭХ-ны зүгээс Үндэсний зөвлөлийн гишүүдийг бүрэн эрхийн хугацаа нь дуусаагүй байхад үндэслэлгүйгээр эргүүлэн татах, оронд нь өөр хүмүүсийг томилох оролдлого гаргаж байгаа нь хууль зөрчсөн үйлдэл гэж үзэж байгаагаа илэрхийллээ.
Үндэсний зөвлөлийн гишүүн хэлэхдээ, "УИХ-аас зургаан жилийн бүрэн эрх олгосон байхад МҮЭХ-ны удирдлагууд хувь хүний сонгох, сонгогдох эрхэд халдаж байна. Гэмт хэрэг үйлдсэн эсвэл үүрэгт ажлаа хангалтгүй биелүүлсэн тохиолдолд эргүүлэн татах үндэслэл болдог боловч ийм нөхцөл байдал үүсээгүй байхад нас, хүйсээр ялгаварлан гадуурхаж байгаа нь Үндсэн хууль болон Олон улсын хөдөлмөрийн байгууллагын конвенцыг зөрчиж буй хэрэг юм. Хэрэв энэ хууль бус үйлдэл зогсохгүй бол хууль хяналтын байгууллагад хандана" гэдгээ мэдэгдэв.
Мөн тэрээр МҮЭХ-ны өнөөгийн тогтолцоо, санхүүжилтийн асуудлыг хурцаар шүүмжиллээ. Үйлдвэрчний эвлэл нь гишүүдийнхээ татвараар санхүүжиж, тэдний эрх ашгийг хамгаалах ёстой байтал өнөөдөр социализмын үеэс өвлөгдөж ирсэн үл хөдлөх хөрөнгө, газрын түрээсээр амьдардаг "түрээслэгч" байгууллага болон хувирсныг тэмдэглэв. Энэ нь удирдлагуудыг гишүүдээсээ хараат бус, тэдний шаардлагыг үл тоомсорлодог болоход хүргэсэн гэж үзэж байна.
Түүнчлэн МҮЭХ-ны дотоод ардчилал алдагдаж, сонгуулийн үеэр дүрэм зөрчих, гишүүдийн татварыг зориулалтын бусаар ашиглах, өр төлбөрөө барагдуулахгүй байх зэрэг ёс зүйгүй үйлдлүүд газар авсныг дурдлаа. Тухайлбал, зарим аймаг, салбарын холбоод гишүүнгүй шахуу мөртлөө түрээсийн орлогоор дарга нарынхаа цалинг тавьж байгаа нь үйлдвэрчний эвлэлийн үнэт зүйлийг алдагдуулж байгааг онцлов.
Эцэст нь, төрийн байгууллагуудад өрнөж буй "цэгцрэх хөдөлгөөн"-ий адил үйлдвэрчний эвлэлийн байгууллага ч дотроосоо шинэчлэгдэж, гишүүн төвтэй, шударга зарчимтай болох ёстойг уриаллаа. Зөвхөн цалин нэмэх шаардлага тавиад зогсохгүй, нэмэгдсэн цалинг инфляцаас хамгаалах бодит ажлуудыг хийж, хөдөлмөрчдийн эрх ашгийг жинхэнэ утгаар нь хамгаалах шаардлагатай байгааг санууллаа.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.