Улаанбаатар хотын Хаягдал ус дахин боловсруулах анхны үйлдвэр ашиглалтад орлоо

Улаанбаатар хотын Хаягдал ус дахин боловсруулах анхны үйлдвэр ашиглалтад орлоо

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа АНУ-д албан ёсны айлчлал хийж, тус улсын Төрийн нарийн бичгийн дарга бөгөөд Мянганы сорилтын корпорацын Удирдах зөвлөлийн даргатай Мянганы сорилтын хоёр дахь Компакт гэрээг албан ёсоор баталж, Хамтарсан тунхаг бичигт гарын үсэг зурсан.

АНУ-ын Мянганы сорилтын корпорацын 350 сая ам.долларын буцалтгүй тусламж, Монгол Улсын Засгийн газрын 111 сая, нийт 462 сая ам.долларын  санхүүжилт бүхий Компакт гэрээний хүрээнд Улаанбаатар хотод Ус гүн цэвэршүүлэх болон Ус дахин боловсруулах үйлдвэр барихаар шийдвэрлэсэн юм.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2022 онд Хаягдал ус боловсруулах үйлдвэрийн шавыг тавьж, бүтээн байгуулалтыг нь эхлүүлж байлаа.

Шинэ Төв цэвэрлэх байгууламжийн дэргэд байгуулсан Хаягдал ус дахин боловсруулах үйлдвэрийн нээлтэд Ерөнхийлөгч оролцлоо.

650381619 1626642001693545 1379583181271962146 n 1 1024x847

Тэрбээр Монгол Улс, АНУ-ын ард түмний түншлэлийн бэлгэ тэмдэг болсон энэ бүтээн байгуулалтад оролцсон дотоод, гадаадын төрийн болон хувийн хэвшлийн бүх байгууллага, эрдэмтэн судлаач, хамт олонд төр, ард түмний нэрийн өмнөөс талархал илэрхийллээ.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, АНУ-ын Зүүн Ази, Номхон далайн товчоо хариуцсан Туслах төрийн нарийн бичгийн дарга Майкл Жорж Десомбрэ, Сангийн сайд,  Монголын Мянганы сорилтын сангийн Удирдах зөвлөлийн дарга Б.Жавхлан, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар нар товчлуур дарж, үйлдвэрийн үйл ажиллагааг эхлүүллээ.

648375716 937607358818261 6159717181164815694 n 1024x683

Дулааны цахилгаан станцууд жилд 21 сая орчим шоо метр буюу нийслэлийн нийт усны хэрэглээний 24 орчим хувийг газрын доорх усны эх үүсвэрээс авдаг. Үүний 18 сая шоо метр усыг хөргөлт, угаалга цэвэрлэгээ, үнс зайлуулахад ашигладаг юм.

Тэгвэл энэ үйлдвэр шинэ Төв цэвэрлэх байгууламжаас Туул голд нийлүүлэх цэвэрлэсэн уснаас өдөрт 50 мянган шоо метр ус авч, дахин боловсруулан Дулааны III, IV цахилгаан станцад нийлүүлнэ.

Ингэснээр жилд 18 сая гаруй шоо метр буюу хотын орон сууцанд амьдарч байгаа 100 гаруй мянган өрхийн жилийн хэрэглээний 50 хувьтай тэнцэх хэмжээний гүний цэвэр ус хэмнэх юм.

Энэ нь жилдээ дөрвөн Буйр нууртай тэнцэх хэмжээний гүний цэвэр ус хэмнэж, саарал гэгдэх усыг олон салбарт ашиглах боломжтой болсон гэсэн үг.

Цаашид үйлдвэрийн хэвийн, найдвартай үйл ажиллагааг хангах, үр өгөөжийг дээшлүүлэх, хүчин чадлыг нэмэгдүүлэх, үйлчилгээний үнэ, тариф тогтоох, үйлдвэрлэлийн бохирдлыг бууруулах, хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэх чиглэлээр  Засгийн газар, яамд, Зохицуулах хороод болон нийслэл хот анхаарах шаардлагатайг Ерөнхийлөгч хэллээ.

Мөн уул уурхай, автозам, дэд бүтцийн томоохон төслүүд, хөдөө аж ахуй, байгаль орчны нөхөн сэргээлт, ногоон байгууламжийн усалгаа, зам, талбайн угаалга зэрэгт дахин боловсруулсан ус ашиглахыг уриаллаа.

648461190 949058910868832 9191430490826360975 n 1024x683

650138387 1415348716456696 3257033328022266677 n 1024x683

АНУ-ын Зүүн Ази, Номхон далайн товчоо хариуцсан Туслах төрийн нарийн бичгийн дарга Майкл Жорж Десомбрэ, “Усны компакт гэрээ нь Монгол Улсад анх удаа аж үйлдвэрийн зориулалтаар усыг их хэмжээгээр дахин ашиглах боломж олголоо. Дахин боловсруулсан усны найдвартай эх үүсвэр нь дотоод, гадаадын хөрөнгө оруулагчид илүү өргөн хүрээнд хамтран ажиллах таатай хөрс, дэд бүтэц болж байна. Олон сорилттой тулгарсан ч манай хоёр улсын инженер, мэргэжилтнүүдийн авьяас чадвар, туршлагыг нэгэн зорилгод чиглүүлбэл бид юунд хүрч чадахыг батлан харууллаа” гэлээ.

Төслийн ерөнхий гүйцэтгэгчээр “Эм Си Эс проперти” шалгарсан бөгөөд үйлдвэрийн технологийн зураг төслийг БНФУ-ын “Egis Water and Maritime”, “Veolia Water Technologies” компани боловсруулжээ.

648330498 906007572061726 1940512886156514075 n 1024x683

648164311 2973555546367725 7664667190466830574 n 1024x683

Мянганы сорилтын хоёр дахь Компакт гэрээний хүрээнд ирэх тавдугаар сард Ус гүн цэвэршүүлэх үйлдвэрийг мөн ашиглалтад оруулна.Хаягдал ус боловсруулах болон Ус гүн цэвэршүүлэх хоёр үйлдвэр  нийслэлийн ус хангамжийг 80 хувиар нэмэгдүүлж, газрын гүний цэвэр усны нөөцийг хэмнэх, байгаль, экологийн тэнцвэртэй байдлыг хадгалах, эдийн засгийн ирээдүйн өсөлтийг дэмжих нөхцөл бүрдэнэ.

Мөн Улаанбаатар хот өргөжин тэлэх, дагуул хот, шинэ суурьшлын бүс бий болоход чухал ач холбогдолтой юм.

649599053 1439304027893370 8728854607179829815 n 1024x683

651381115 2028334697780053 8834665434840498399 n 1024x683

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.