🔴АН-ын бүлэг: МАН-ын дарга Н.Учрал УИХ-ын даргын ажлаа өгөх хүртэл чуулганы хуралдаанд оролцохгүй
УИХ дахь Ардчилсан намын бүлэг өнөөдөр хуралдаж, 2026 оны УИХ-ын хаврын ээлжит чуулганы нээлттэй холбогдуулан цаг үеийн асуудлаар байр сууриа илэрхийллээ. Бүлгийн хурлаар хэлэлцсэн гол асуудал нь УИХ-ын даргын албан тушаал болон парламентын засаглалын зарчмын тухай байв.
АН-ын бүлгийн хуралд оролцсон 41 гишүүн 100 хувийн саналаар нэгдсэн дүгнэлтэд хүрсэн байна. Тодруулбал, 126 гишүүнтэй, таван намын төлөөлөл бүхий олон намын парламентыг эрх баригч намын дарга удирдаж болохгүй гэж үзжээ. Одоогийн УИХ-ын дарга Н.Учрал МАН-ын даргын албан тушаалыг хавсран гүйцэтгэж байгаа нь парламентын хараат бус байдал, мэтгэлцээний зарчимд нийцэхгүй байгаа тул түүнийг УИХ-ын даргын ажлаа өгөх ёстой гэсэн шаардлагыг тавьж байна.
Энэхүү шаардлага нь УИХ-ын үйл ажиллагааг тасалдуулах зорилгогүй бөгөөд парламентын дэд дарга нараар дамжуулан хэвийн үйл ажиллагааг хангах бүрэн боломжтойг АН-ын бүлэг онцоллоо. Өмнө нь Д.Амарбаясгаланг УИХ-ын даргаар ажиллаж байх үед ч АН-ын бүлэг ийм зарчмын байр суурь баримталж байсан бөгөөд энэ нь хэн нэгэн хувь хүнд бус, парламентын ардчиллыг бэхжүүлэхэд чиглэсэн тогтсон зарчим гэдгийг тайлбарлав.
Өнгөрсөн 10 жилийн хугацаанд нэг улс төрийн хүчин дангаар засагласны үр дүнд авлига тогтолцооны шинжтэй болж, төрийн байгууллагуудын хариуцлага суларсан. Тухайлбал, УИХ-ын төсөв сүүлийн 6-7 жилд 30 тэрбумаас 145 тэрбум төгрөг болж нэмэгдсэн нь нэг намын дарангуйллыг бэхжүүлэхэд чиглэсэн үйлдэл хэмээн үзэж байна. УИХ бол нэг намын хуулийн хэлтэс биш, ард түмний төрийн эрх барих дээд байгууллага байх ёстойг тэд санууллаа.
Түүнчлэн 2026 оны улсын төсвийн хүрээнд багш, эмч нарын цалин, ахмадуудын тэтгэврийг нэмэгдүүлэхээр тусгасан амлалтууд бодит байдал дээр "хууран мэхлэлт" болсон гэж АН-ын бүлэг дүгнэж байна. Төсвийн хуваарилалт шударга бус байгааг шүүмжилж, Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүн, дэд сайд нарын асуудлаар ч тодорхой шаардлагууд тавьж байгаагаа мэдэгдэв.
Ерөнхийлөгчийн зүгээс өргөн мэдүүлсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах тухай хуулийн төслийн тухайд АН-ын бүлэг одоогоор нэгдсэн байр суурьт хүрээгүй байна. Гэхдээ парламентын гишүүний бүрэн эрх бол ард түмний төлөөлөл тул үүнд хөнгөн хуумгай хандаж болохгүй, парламентын дархлааг хамгаалах ёстой гэдэгт олон гишүүн санал нэг байгаа аж.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.