🔴Н.Номтойбаяр: Их хурлын гишүүдийн ёс зүйгүй үйлдэл хэрээс хэтэрч байгаа нь үнэн
“Үндэсний эвсэл”-ийн зүгээс төрийн өндөр албан тушаалтнуудын хариуцлага, ёс зүйг чангатгах, тэдэнд хяналт тавих тогтолцоог боловсронгуй болгох зорилгоор томоохон хуулийн төслийн үзэл баримтлалыг боловсруулснаа УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр олон нийтэд танилцууллаа.
Уг хуулийн төсөл нь УИХ-ын дарга, гишүүд, Үндсэн хуулийн цэцийн гишүүд, Ерөнхий прокурор, АТГ-ын дарга зэрэг нийт 50 орчим төрийн өндөр албан тушаалтныг хамарч байгаа бөгөөд тэдний бүрэн эрхийн хугацаанд болон албан тушаалаас буусны дараах эрх зүйн хязгаарлалтыг тодорхой болгох агуулгатай.
Энэхүү шинэчлэлийн хүрээнд нийт 19 хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, хоёр хуулийг шинээр өргөн барихаар төлөвлөжээ. Төсөл санаачлагчдын зүгээс Ерөнхийлөгчийн зүгээс гаргасан УИХ-ын гишүүнийг ёс зүйн асуудлаар эргүүлэн татах хуулийн төслийн үзэл санааг дэмжиж байгаа ч хэрэгжүүлэх арга замыг нь шүүмжлэлтэй хүлээн авч байна. Учир нь зөвхөн ёс зүйн нэрээр гишүүдийг эргүүлэн татах нь улс төрийн зорилгоор хэлмэгдүүлэх, парламентын засаглалыг сулруулах эрсдэлтэй гэж үзэж байгаа юм.
Хууль санаачлагч өөрийн туулсан гашуун туршлага болон бусад улс төрчдөд тохиолдсон жишээн дээр үндэслэн, хууль хяналтын байгууллага улс төрийн захиалгаар ажилладаг байдлыг таслан зогсоох ёстойг онцоллоо. Тэрээр УИХ-ын дарга Н.Учралыг энэхүү хуулийн шинэчлэлийг манлайлан оролцохыг уриалж, парламентын бие даасан байдлыг хамгаалах сорилттой тулгарч байгааг сануулав. Төрийн өндөр албан тушаалтнууд хэн нэгний "утсан хүүхэлдэй" биш, ард түмний засаглалыг хэрэгжүүлэгч байх ёстой гэдгийг тэрээр тодотгосон юм.
Мөн уг хуулийн төсөлд Шүгэл үлээгчийн тухай болон Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуулиудад нэмэлт өөрчлөлт оруулахаар тусгажээ. Энэ нь сэтгүүлчдийн эрх ашгийг хамгаалах, төрийн нууц нэрээр мэдээлэл олж авах эрхийг хязгаарлахгүй байх суурь зарчмыг бэхжүүлэх зорилготой. Тухайлбал, сэтгүүлч Н.Өнөрцэцэгтэй холбоотой асуудлыг жишээ болгон дурдаж, хувь хүний үзэл бодлоос үл хамааран хэвлэн нийтлэх эрх чөлөө, ардчилсан зарчмыг хамгаалах нь чухал болохыг тэмдэглэв.
Хуулийн төслийн үзэл баримтлалыг энэ баасан гарагт УИХ-ын даргын дэргэдэх зөвлөлийн хуралдаанаар танилцуулж, улмаар МАН болон АН-ын бүлгүүдэд танилцуулахаар төлөвлөж байна. Олон улсын парламентын засаглал хөгжсөн орнуудын жишигт нийцүүлэн боловсруулсан уг төсөл нь төрд итгэх иргэдийн итгэлийг сэргээх, авлига, албан тушаалын гэмт хэрэгтэй тэмцэх бодит алхам болно гэж үзэж байна.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.