О.Номинчимэг: Баялгийн дахин хуваарилалтыг хуульчилна

О.Номинчимэг: Баялгийн дахин хуваарилалтыг хуульчилна
УИХ-ын гишүүн О.Номинчимэг Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн төслийг хариуцан ажиллана.
 
УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга О.Номинчимэг: 
 
-Монгол Улсын Их Хурлын 2026 оны хаврын чуулган эхэлж буй энэ өдөр УИХ-ын даргын захирамжаар миний бие Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн төслийг хариуцан ажиллахаар болсноо та бүхэндээ дуулгаж, хуулийн төслийн тухай өөрийн бодлоо товч хуваалцья.
 
Бид сайхан ярьж, шударга ёсыг тунхаглаж ярьсаар улиг болгожээ. Тийм ч учраас иргэд энэ хуулийн өөрчлөлт юуг авчрах, юуг хянах зохицуулах бол гэдгийг тэгтэл сонирхохгүй байна. Сонирхсон ч хуулийн хэрэгжилтэд итгэхгүй байх шиг. Хувийн болон өмчийн эрх зүйн чиглэлээр дагнан судалгаа хийдэг миний хувьд энэ хууль маш чухал ач холбогдолтой гэж харж байна. Ач холбогдлыг нь ард түмэн мэдрээсэй, хүртээсэй гэж хүсэж байна.
 
1991 оноос эхэлсэн өмч хувьчлалаас үүссэн тэгш бус байдал, ягаан цэнхэр тасалбарын гунигт дурсамж одоо хэр арилаагүй байна. 1990-ээд онд явагдсан өмч хувьчлалаар нийгмийн тэгш бус байдлын эхлэл тавигдсан бол, 2000-аад оны томоохон уул уурхайн баялаг тойрсон наймаа нь тэгш бус байдлыг улам гааруулж “баялагийн хараал” хүрэх хүртэл даамжруулсан. Цаашид ийм алдаа гаргахгүй, ард түмний өмчийг алдаж асгахгүй байхаас эхлээд улс орны тусгаар тогтнол, аюулгүй байдал, ард нийтийн ашиг сонирхолыг хамгаалах бодлого, зохицуулалтыг эн тэргүүнд тусгах ёстой.
 
Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн шинэчилсэн найруулгаар байгалийн баялаг, соёлын өвөөс эхлээд, сургууль цэцэрлэг, зам талбай гээд нийтийн хэрэгцээ, төрийн үйлчилгээний бүхий л өмч хөрөнгийн бүртгэл, хяналт, ашиглалт, үр ашгийн талаар зохицуулна. Нөгөө талаар шударга, ил тод явагдаагүй гэж үздэг өмч хувьчлалын асуудлыг, шууд хэлбэл баялгийн дахин хуваарилалтыг хуульчлах гэж байгаагаараа чухал юм.
1991 оны өмч хувьчлал бол улс төр эдийн засгийн шинэ тогтолцоонд шилжсэнээ баталгаажуулах шийдвэр байсан боловч түүнээс хойш явагдсан дөрвөн ч удаагийн өмч хувьчлалын талаар иргэд та бид төдийлөн сайн мэдээлэлгүй. Өмч хувьчлалыг зохион байгуулсан арга хэлбэр, хугацааны тэнхлэгийг харвал эргэлзээтэй зүйлс нэлээдгүй байна. Мэдээж мал, орон сууцны хувьчлал гээд ард иргэддээ очсон нь бий боловч үйлдвэр, нийгмийн үйлчилгээний газруудын хувьчлал бол үндсэндээ Монгол Улсын эдийн засаг, үйлдвэржилт, хөдөлмөр эрхлэлтэд сөргөөр нөлөөлж олон зуун хүнийг гудамжинд гаргасан явдал болсныг түүх мартаагүй. Мэдээлэл хийгээд эрх мэдэлд ойрхон, шийдвэр гаргах түвшний хүмүүсийн зохион байгуулсан хувьчлалуудад олон арга замаар дүгнэлт хийн, цаашид алдаагаа давтахгүй байх нөхцөлийг бий болгох ёстой.
 
Ажлын хэсгийн ахлагчийн хувьд энэ хууль батлагдсанаар дараахь үр дүн гарна гэж үзэж байна.
 
  • Монгол Улсын Үндсэн хуулийн 6.2-т заасан ард түмний эрх хуулиар баталгаажина.
  • Төрийн гэх харъяалалтай ч ард нийтийн өмч болох хөрөнгийн ангилал, менежмент, бүртгэл хяналт, хариуцлага сайжирч, аливаа шийдвэр нийтэд ил тод байх нөхцөл бүрдэнэ.
  • Төрийн өмчийг хувьчлах, шилжүүлэх, ашиглах үндэслэл, журам, шалгуурыг нарийвчилан тогтоох зэрэг олон шинэлэг өөрчлөлт бий болох юм.
 
 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.