Үе тэнгийн охидыг зодож, дарамталдаг Д.Саямааг яллагдагчаар татаж, Монгол Улсын хилээр гарахыг хоригложээ
Өсвөр насны охид нэгнээ зодож, дээрэлхсэн бичлэг олон нийтийн сүлжээнд цацагдаж, улмаар хууль хяналтын байгууллагаас шалгаж эхэлсэн. Тэгвэл шүүхээс өсвөр насны яллагдагч Д.С-д Монгол Улсын хилээр гарахыг болон нэр бүхий хүмүүстэй уулзахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авчээ.
Тодруулбал, Сүхбаатар дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос өсвөр насны яллагдагч Д.С-д Монгол Улсын хилээр гарахыг болон нэр бүхий хүмүүстэй уулзахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай санал ирүүлснийг 2026 оны 03 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Сүхбаатар дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос өсвөр насны яллагдагч Д.С-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 13.5 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалт, 13.11 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллагдагч Д.С-д эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Шүүх дээрх нөхцөл байдлыг харгалзан прокурорын саналыг хүлээн авч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх, дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор яллагдагч Д.С-д Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэв.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.