А.Баяр: Шуурхай төвийн ажлыг шуурхайлъя

А.Баяр: Шуурхай төвийн ажлыг шуурхайлъя

НИТХ-ын дарга бөгөөд Нийслэлийн гамшгаас хамгаалах салбар зөвлөлийн дарга А.Баяр “Онцгой байдпын салбарыг онцгой анхаарна” гэснийхээ дагуу газар дээр нь ажиллажээ. 

Тэрбээр, Шуурхай удирдлагын төв байгуулж, аврагчдын ажиллах нөхцөлийг сайжруулна хэмээн Ажлын хэсгийн хэд хэдэн хурал дээр хэлж байсныгаа ийнхүү ажил хэрэг болгож, алба хаагчдад Шуурхай удирдлагын нэгдсэн төв байгуулах нь онцгой байдлын салбарт ажиллаж байгаа алба хаагчдад ямар чухал болохыг танилцуулж, аврагчдын нэг өдрийн ажлын нөхцөлтэй танилцсан юм. 

viber_image_2026-03-13_17-55-07-846.jpg

Шуурхай удирдлагын нэгдсэн төв байгуулснаар 105 дугаарт ирсэн дуудлага, камерын хяналт болон бусад эх сурвалжаас ирсэн мэдээллийг нэг дор төвлөрүүлж, гал сөнөөгч, аврагчдыг хамгийн ойр байрлалаас шуурхай хөдөлгөх боломж бүрдэх юм. Мөн гал түймэр, ослын үед цагдаа, эмнэлэг, замын хөдөлгөөний удирдлагын төв зэрэг байгууллагуудтай мэдээллийг нэг цэгээс зохицуулснаар дуудлагад очих хугацаа богиносож, аврах ажиллагааны үр дүн нэмэгдэнэ. Өөрөөр хэлбэл, энэ төв нь гамшиг, ослын үед цаг хугацаатай уралддаг аврагчдын ажлыг илүү хурдтай, оновчтой болгох чухал шийдэл болох юм. 

Тус уулзалт Нийслэлийн онцгой байдлын газрын хоолны танхимд үргэлжилж, А.Баяр дарга аврагчидтай тэврэлдэн уулзаж, халуун цай, таваг хоолны ард хамгийн их дуудлагад гарсан, хамгийн олон хүний амь аварсан аврагч хэн болох талаар халуун яриа өрнүүлэх зуурт НОБГ-ын дарга Г.Галбадрах аврагчдаа танилцуулав.

viber_image_2026-03-13_17-55-17-418.jpg

НИТХ-ын дарга А.Баяр өглөөнөөс хойш тус газрын нөхцөл байдалтай танилцаж, нээлттэй ярилцлага өрнүүлж буй нь энэ. Шуурхай удирдлагын нэгдсэн төв байгуулах нь энэ жилийн том зорилт гэдгийг тэрбээр онцолж байв. 
Гэнэт аваарын дохио хангинахад хоолны зааланд суусан 20 орчим гал сөнөөгчид ухасхийн харайж, юу болов гэхийн зуурт үүдээр бараа сураггүй гарч одов. Ердөө хоёрхон секундын дотор тэдний ярьж байсан үгсийн цуурай, ширээн дээрх уур савссан халуун хоол, ууж амжаагүй аягатай цай, бидний хэдэн нөхөд л үлдэв. Тогооч “галын дуудлага” гэж чанга орилоход л сая нэг ухаарч цүнхээ шүүрэн аврагчдын араас гүйлээ. Биднийг гарц, хаалга руу мунгинаж байх зуурт аврагчдын эхний хэсэг дуут дохиогоо хангинуулан хашаанаас гарч байх нь сонсогдов. “Бид 20 секундын дотор энэ бүх хувцас, тоноглолоо бүрэн өмсөөд машиндаа сууна даа” гэх өглөөхөн хэлсэн яриагаа тэд батлаж байх шиг ар араасаа цуварч гараад яаравчлах. Галын дуудлагад хамт явж, сурвалжилга бэлтгэх зорилготой бидний хэдэн нөхөд арайхийн сүүлийн машины кабинд багтаад, хөдөллөө. Жолоочийн богино холбоо тасралтгүй дуугарна.

ГАРЦ, ОРЦГҮЙ ОРОН СУУЦНЫ ГАЛЫН ДУУДЛАГА Л ХАМГИЙН БЭРХ 

Аврагчдын нэн тэргүүний зорилго бол нэг секунд ч алдахгүй хөдлөх. Шуурхай удирдлагын төвөөс нарийвчилсан байршлыг хэлж байна. Энэ удаа Сүхбаатар дүүргийн XI хороололд байрлах орон сууцны хогийн бункерт гал гарчээ. Галын машин дуут дохиогоо хангинуулан явахад хөдөлгөөнд оролцож байгаа жолооч нар эгнээ байраа чөлөөлж, зам тавьж өгөх аж. Цагдаа зохицуулах тохиолдолд хугацаа маш бага зарцуулдаг байна. Ерөөс галын дуудлагад шуурхай очно гэдэг Замын хөдөлгөөний шуурхай удирдлагын төв, цагдаа, иргэний хамтын ажиллагаанаас ихээхэн шалтгаалдаг гэлээ. 
Ямартай ч хамтын хүчээр гал гарсан газраа маш бага хугацаанд ирлээ. Гэтэл дуудлагаар очсон орон сууцны хороолол орчимд  орц, гарц байсангүй. Энэ бол аврагчдыг хүнд байдалд оруулж, самбаачлах арга ухаан шаарддаг бэрх нөхцөл гэв. Аврагчид урт шланкаа сугалж, хамжиж чирч гүйсээр булан эргэв. Аз болж байрны гадаах булангийн хогийн цэгт гал гарчээ.

АГААРЖУУЛАЛТГҮЙ ОРЦ, АЛГА БОЛСОН УСНЫ ХООЛОЙ 

Гал сөнөөгчдийн нэг хэсэг нь өнөөх галыг унтраахаар, нөгөө хэсэг нь байрны орц руу гүйлдэв. Мөн НИТХ-ын дарга бөгөөд Нийслэлийн гамшгаас хамгаалах салбар зөвлөлийн дарга А.Баяр болон НОБГ-ын дарга Г.Галбадрах нар ч мөн газар дээр нь ажиллав. Энэхүү гал барилгын гадна талд гарсан ч орц, хонгил руу утаажилт үүссэн байв. Аврагчид энэхүү орон сууцны барилга агааржуулалтгүй, орцны цонх онгойдоггүй, галын үед ашиглах хоолойгүй, галын хорыг ёс төдий л байршуулжээ. НОБГ-ын дарга Г.Галбадрах “Галын утаа барилгын дотор хамгийн дээд хэсэгт хуримтлагддаг. Гэтэл сүүлийн үеийн барилга агааржуулалтын систем дутмаг. Айлууд цонхоо онгойлгож агаар солилцоо хийхэд утаа дээш хөөрч барилгын оройд хуримтлагдах эрсдэл үүсдэг” гэдгийг онцлов. 

Өндөр барилгад багадаа 20 метрийн хоолой буюу шланк байх ёстой гэнэ. Хэрэв гал дотор гарсан бол аврагчид өөрсдийн авчирсан шланкаа татаж, ус цацах байжээ. НИТХ-ын дарга А.Баяр “Барилга ашиглалтад ороход улсын комисс хүлээж авдаг. Галын норм дүрэмдээ энэ тухай заасан байдаг. Гэтэл яг бодит байдал яагаад ийм байна вэ” хэмээн тодруулахад “Барилгын компанийн эзэд барилгаа улсын комиссоор оруулахдаа үзүүлэн мэт дээрх хэрэгслийг тавьчихаад буцаагаад авчихдаг, СӨХ нь үүнийг мэдэж байх ёстой. Эцсийн дүндээ эдгээр нь хүний амь нас авран хамгаалахад нэн чухал хэрэгсэл” гэдгийг албаныхан хэллээ.

 

viber_image_2026-03-13_17-55-18-200.jpg

ХУУРАЙШИЛТЫН ҮЕД ӨДӨРТ 30-40 ДУУДЛАГА ИРДЭГ 

Аврагч, гал сөнөөгчид галыг бүрэн унтраахад 10 гаруй минутыг зарцуулав. Бүргэд хаалганы дулаалга, хөвөн, цаас байдаг учир гал дэмждэг. Хаалганаас гадна орц гарцгүй орон сууц руу нэвтэрнэ гэдэг чинь эр зориг шүү дээ. Машинаа гарц хааж тавиад алга болдог иргэд бий хэмээн гал сөнөөгчид учирлана. Зуны дэлгэрт  гол усны дуудлага, хавар шар өвсний түймрийн дуудлага их ирдэг гэв. Өдөрт 30-40 дуудлага ирнэ. Ихэвчлэн иргэдийн хайнга, хэнэггүй байдлаас үүдсэн дуудлагад очдог гэдгээ ч хэлж байлаа.

ШУУРХАЙ УДИРДЛАГЫН НЭГДСЭН ТӨВТЭЙ БОЛОХ НЬ

НОБГ-ын үүдний хэсэгт байрлах умгар өрөөнд нэг оператор тасралтгүй хангинах утаст хариулж, хажуугаар нь удирдлагуудад мэдээлэл бичнэ. Энэ өрөө бол төдийгөөс өдий хүртэл ажилласан удирдлагын төв. Харин энд амсхийх завгүй ажиллах бүсгүй бол НОБГ-ын дэд төвийн дуудлага хүлээн авагч, дэд ахлагч Г.Хулан. НИТХ-ын дарга А.Баяр Шуурхай удирдлагын нэгдсэн төв байгуулчихвал хэчнээн хэрэгтэйг бид газар дээр нь ажиллаж мэдлээ. Шуурхай төвийн ажлыг шуурхайлъя" гэв.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.