🔴LIVE: УИХ-ын гишүүн Э.Бат-Амгаланг нэр холбогдсон асуудлуудаа хуулийн байгууллагаар нэн даруй шалгуулахыг шаардав
Баянзүрх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал дахь Ардчилсан намын бүлгээс УИХ-ын гишүүн УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалан болон тус дүүргийн удирдлагуудтай холбоотой асуудлаар мэдээлэл хийж, хуулийн байгууллагад шалгуулах шаардлага хүргүүлж байгаагаа мэдэгдлээ.
Төлөөлөгчдийн зүгээс УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалан гишүүнийг төрсөн дүү болон хамаарал бүхий этгээдүүдээрээ дамжуулан авлига, албан тушаалын хэрэгт холбогдсон байж болзошгүй хэмээн хардаж байгаагаа илэрхийлэв.
Тодруулбал, "Зэс Эрдэнийн Хувь" компанитай холбоотой Эрдэнэтийн зэсийн овоолгын хөрөнгө мөнгийг шамшигдуулсан хэрэгт УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалан гишүүний төрсөн дүү Батбаяр холбогдож, Авлигатай тэмцэх газарт шалгагдаж байгааг онцоллоо. Гишүүний зүгээс эхэндээ энэ асуудлыг үгүйсгэж байсан ч удалгүй хүлээн зөвшөөрсөн бөгөөд "нас биед хүрсэн хүний асуудлыг мэдэхгүй" хэмээн тайлбарлаж буй нь Нийтийн албан тушаалтны ашиг сонирхлын мэдүүлгийн тухай хуулийг зөрчиж байна гэж үзэж байна. Хуулийн дагуу төрсөн дүү нь ашиг сонирхол нэгтэй этгээдэд тооцогддог тул ХОМ-тээ тусгах ёстойг төлөөлөгчид санууллаа.
Мөн түүний хамаарал бүхий этгээдүүдийн нэр дээрх үл хөдлөх хөрөнгө, барилгын төслүүдийн талаарх мэдээллийг дэлгэв. Тухайлбал, түүний эхнэрийн дүүгийн нэр дээр "Монгол Шилтгээн"-ий орчимд 40 гаруй айлын хаус хотхон баригдсан, мөн БЗД-ийн 38 дугаар хороонд "Опто" компаниар дамжуулан 1100 гаруй айлын орон сууцны төсөлд хөрөнгө оруулалт хийсэн гэх мэдээллүүд байгааг дурдлаа. "Опто" компани нь УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалан гишүүний хөрөнгө орлогын мэдүүлэгт бүртгэлтэй байдаг аж.
Баянзүрх дүүргийн төсвийн зарцуулалттай холбоотой ноцтой асуудлуудыг АН-ын бүлгийн дарга Г.Мандахболд хөндлөө. Тус дүүрэг түүхэндээ байгаагүй буюу хагас их наяд төгрөгийн төсөв баталсан бөгөөд үүнийг бүрдүүлэхийн тулд иргэдийн татварыг нэмэгдүүлж, 29 тэрбум төгрөгийг иргэдийн халааснаас гаргахаар төлөвлөсөн байна. Түүнчлэн бүтээн байгуулалтын төсвийн тал хувь буюу 30 тэрбум төгрөгийг зөвхөн зам засварт зарцуулахаар тусгасан нь дарга нарын хаус хороолол руу чиглэсэн зам тавих ашиг сонирхол байж болзошгүй хэмээн хардаж байгаагаа илэрхийлэв.
Дүүргийн засаглалын хямрал, иргэдийн сонгох, сонгогдох эрх зөрчигдөж байгаа талаар төлөөлөгчид шүүмжлэлтэй хандлаа. Сүүлийн зургаан жилийн хугацаанд БЗД-ийн 43 хорооны иргэд Засаг даргаа өөрсдөө сонгох эрхээ эдэлж чадахгүй байгаа бөгөөд МАН-ын удирдлагууд дур мэдэн томилгоо хийж байгааг хууль бус үйлдэл гэж үзэж байна. Энэ асуудлаар удаа дараа шаардлага хүргүүлсэн боловч дүүргийн удирдлагуудын зүгээс ямар нэгэн хариу өгөөгүй байгааг онцлов.
Эцэст нь, Баянзүрх дүүргийн АН-ын бүлгээс УИХ-ын гишүүн Э.Бат-Амгаланг нэр холбогдсон асуудлуудаа хуулийн байгууллагаар нэн даруй шалгуулж, иргэдэд үнэн зөв мэдээлэл өгөхийг шаардлаа. Мөн дүүргийн МАН-ын бүлгийн төлөөлөгчдийг намын фракц хоорондын зодоондоо төсөв, хөрөнгө оруулалтыг ашиглахаа зогсоож, иргэдийн эрх ашгийг нэгдүгээрт тавихыг уриаллаа. Ардчилсан намын зүгээс энэхүү асуудлыг орхихгүй бөгөөд УИХ-ын түвшинд ч асуулга тавьж ажиллахаа мэдэгдэв.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.