🔴LIVE: “Бид өвлөн дуулна” ардын богино дуу дуулаачдын өсвөрийн олон улсын анхдугаар уралдаан болно
МУГЖ С.Нэргүйн нэрэмжит ардын богино дуу дуулаачдын өсвөрийн олон улсын уралдаан болох гэж байна. Монгол үндэстний өв соёл, тэр дундаа ардын богино дууны уламжлалыг хойч үедээ өвлүүлэн үлдээх, түгээн дэлгэрүүлэх зорилготой тус уралдааныг Үндэсний урлагийн "Түмэн эх" чуулгад 20 гаруй жил ажиллаж буй МУГЖ С.Нэргүй санаачлан зохион байгуулж байгаа юм.
Өнөөдөр залуу үе болон ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд ардын дуу дуулах, үндэсний өв соёлоо танин мэдэх сонирхол буурч байгаад мэргэжлийн уран бүтээлчид сэтгэл зовниж байна. Ардын дууны аялгуу нь хүнийг аргадаж, үг нь ухааруулж байдаг хүмүүжлийн асар их ач холбогдолтой бөгөөд монгол хүн байхын утга учир, ёс суртахууныг зааж сургадаг онцлогтойг зохион байгуулагчид онцоллоо.
Уралдааны бүртгэл гуравдугаар сарын 5-нд дуусах байсан ч оролцогчдын хүсэлтээр хугацааг сунгаад байна. Эхний шатны шалгаруулалт цахим хэлбэрээр явагдах бөгөөд олон нийтийн сүлжээнд тавигдсан мэдээллийг түгээх нь уралдааны дүгнэлтэд нөлөөлөхгүй, харин ардын урлагийг сурталчлах зорилготой гэдгийг тодотгов. Уралдаанд оролцох хүүхдүүд Төв халх, Баруун, Зүүн монгол ардын дуунуудаас сонгон дуулж, өөрийн авьяас чадвараа сорих боломжтой.
Энэхүү соёлын арга хэмжээг Соёл урлагийн их сургууль (СУИС) болон "Зууны мэдээ" сонин, "Соёмбо" уран бүтээлийн нэгдэл хамтран зохион байгуулж байна. Уралдаанд амжилттай оролцож, ирээдүйтэй гэдгээ харуулсан ахлах ангийн сурагчдад СУИС-д элсэн суралцахад нь мэргэжлийн ур чадварын шалгалтаас чөлөөлөх зэрэг бодит дэмжлэг үзүүлэхээр төлөвлөжээ.
Зохион байгуулагчдын зүгээс энэхүү уралдааныг зөвхөн нэг уран бүтээлчийн ажил биш, үндэсний аюулгүй байдал, монгол хүний дархлаатай холбоотой чухал үйлс гэж үзэж байна. Тиймээс Соёлын яам, Нийслэлийн соёл урлагийн газар болон бусад төрийн байгууллагуудыг өв соёлоо түүчээлж буй энэхүү санаачилгыг дэмжиж, хамтран ажиллахыг уриаллаа.
Мөн хөдөө орон нутгийн театр, чуулга, ерөнхий боловсролын сургуулийн багш нар болон эцэг эхчүүдийг хүүхэд багачуудаа ардын дууны өв санд сургаж, уралдаанд идэвхтэй оролцуулахыг хүсэж байна. Мэргэжлийн багш нарын зүгээс уралдаанд оролцох хүсэлтэй хүүхдүүдэд дуу зааж өгөх, хоолойнд нь таарсан бүтээлийг сонгоход туслахад бэлэн байгаагаа илэрхийллээ.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.