Улсын Их Хурал дахь намын бүлгийн ажилтнууд, гишүүний туслах, зөвлөхүүд магадлан итгэмжлэгдсэн сургалтад хамрагдаж байна

Улсын Их Хурал дахь намын бүлгийн ажилтнууд, гишүүний туслах, зөвлөхүүд магадлан итгэмжлэгдсэн сургалтад хамрагдаж байна

Хууль тогтоох үйл ажиллагааны чанар, үр нөлөөг дээшлүүлэх нь Монгол Улсын Их Хурал, түүний Тамгын газрын тэргүүлэх зорилтуудын нэг. Хуулийн чанарыг сайжруулах, үндэсний онцлог, ард иргэдийн хүсэл зориг, хэрэгцээ шаардлагад нийцсэн, амьдралд хэрэгжихүйц сайн хууль батлан гаргахад үндэсний чадварлаг боловсон хүчин, мэргэжилтнүүдийг бэлтгэх асуудал чухал нөлөөтэй юм.

Улсын Их Хурлын Тамгын газраас хуулийн эх баригч, төсөл боловсруулагчдад зориулсан сургалтыг энэ оны хоёрдугаар сарын 10-13-ны өдрүүдэд зохион байгуулж, оролцогчдод сертификат гардуулсан юм. Хөтөлбөр, гарын авлагыг Монголын Хуульчдын холбоо магадлан итгэмжилсэн тус сургалтад хамрагдах хүсэлтийг Улсын Их Хурал дахь МАН-ын болон АН-ын намын бүлгүүдийн ажлын алба, Улсын Их Хурлын зөвлөх, туслахуудын холбооноос ирүүлсний дагуу өнөөдөр (2026.03.12дахин эхлүүллээ.

05bb7f23cbe446d4afb80b922f3f8207?d=0Улсын Их Хурал дахь намын бүлгүүдийн ажлын албаны албан хаагчид, Улсын Их Хурлын гишүүний зөвлөх, туслахууд хууль тогтоох, төсөл боловсруулах үйл ажиллагаанд буюу хууль санаачлагчдад хамгийн ойр ажилладаг учир энэ сургалтад хамрагдаж, төрийн бодлого, зохицуулалтад шинжлэх ухаанч, логиктойгоор мэргэжлийн хандаж, ёс зүйн өндөр түвшинд, сэтгэл зүрхнээсээ мэдрэмжтэй ажиллах арга зүйд суралцах шаардлага байгааг харгалзан тэдний хүсэлтийг хүлээн авсан нь энэ юм.

Хоёр өдөр үргэлжлэх сургалтын эхэнд Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга, Хууль зүйн ухааны доктор (Ph. D), профессор Л.Өлзийсайхан хуулийн төсөл боловсруулагч байхын утга учрын тухай илтгэл тавилаа. Хуулийн төсөл боловсруулагч бол тухайн хуулиас гарч болох ирээдүйн үр дагаврыг урьдчилан тооцоолох ур чадвар эзэмшсэн шинжээч, аливаа сэтгэл хөдлөл, хувийн эрх, ашиг сонирхлоос ангид байж, ”үнэн”-д баригдан “ёс зүй”-д хөтлөгдөж ажилладаг мэргэшилтэн, хууль санаачлагчийн санаа бодол болон хуулийн эх бичвэрийн зүй зохисыг хангаж чадах харилцааны мэргэжилтэн, хэл зүй, найруулга зүйн өндөр чадвартай, хууль зүйн техникч, нарийвчилсан зохицуулалтуудыг хуулийн зорилго, үзэл баримтлалд нийцүүлж чадах бодлогоч, хийж буй ажлынхаа ирээдүйн үр дагавар, ач холбогдлыг ойлгодог чин сэтгэлтэн байх учиртайг тэрбээр онцолсон юм. Тийм ч учраас хуулийн төсөл боловсруулагч хүн эрх зүйн онолын болон хууль зүйн техникийн өндөр мэдлэг, чадвартайгаас гадна сайн судлаач, хууль санаачлагчийн итгэмжит зөвлөх байх ёстойг тэрбээр онцгойлон захисан юм.

928cc03357b44dbb8b2c850a5542f631?d=0Мэргэжлийнхээ үүднээс хүлээн авах хамгийн нэр хүндтэй сайшаал бол түүнд хуулийн төсөл боловсруулах даалгавар өгөх явдал” хэмээн “Хуульчид” номын зохиогч Мартин Майер бичжээ. Доктор Л.Өлзийсайхан үүнийг эшилж, хуулийн төсөл боловсруулах нь хуульч хүмүүсийн бахархах үйл хэрэг гэдгийг тодотгон, хууль бүтээх ажиллагааны бүхий л мэдлэг, нийгмийн харилцааг иж бүрнээр нь, үндэс сууриар нь өргөн хүрээнд харах, зураглах, шинжлэх онцгой ур чадвар эзэмшсэн, системийн болон дизайн сэтгэлгээтэй, бусад салбар, мэргэжлийн хүмүүстэй үр дүнтэй хамтран ажиллах чадвар бүхий мастерууд байдаг гэдгийг дэлгэрэнгүй тайлбарласан юм.

21ee5ec0b0ef43c8b67f64eda6393ffe?d=0Мөн тэрбээр хууль бүтээх ажиллагааны онол, түүхийн асуудлыг системчлэн тодорхойлж, XIX зуунаас өмнө үүнийг урлаг гэж үздэг байсан бол тэр цагаас хойш хүний сайн сайхны төлөө зориулагдсан мэдлэг, ухааны тусламжтайгаар гүйцэтгэгддэг тодорхой аргачлал, журам заавар бүхий техникийн ажиллагаа хэмээн ойлгож буйг тэмдэглэн, онолын асуудлыг Скотт Ж.Шапирогийн “Төлөвлөлтийн онол”-оор жишээлэн ярив. Хэрэв хууль бүтээх ажиллагаа нь төлөвлөлт юм бол ерөнхий зорилгоос дэд зорилгууд, дэд төлөвлөгөөнүүд рүү задарч хэсэгчилсэн, олон түвшинтэй, шаталсан бүтэцтэй байхыг тэрбээр зураглаж, чиг үүргийн хувьд хууль нь зан үйлийг удирдах чадвартайн зэрэгцээ тодорхой салбарын мэдлэгийг системчилж, эргэцүүллийг бууруулж байдаг бөгөөд дотоод зөрчилгүй, бодит байдал, итгэл үнэмшилд нийцсэн, гагцхүү нөхцөл байдал бодитоор өөрчлөгдсөн үед л дахин авч үзэх зэрэг рациональ шинж чанартайг Скотт Ж.Шапирогийн тодорхойлсноор тайлбарласан юм. Хуулийн төсөл боловсруулагчийн хөдөлмөрийн 80 хувийг бодож сэтгэх, эргэцүүлэн дүгнэх хэсэг нь эзэлдэг гэсэн өөрийн байр суурийг тэрбээр төлөвлөгөө нь “бидний өмнөөс боддог” гэсэн нотолгоогоор батлан өгүүлсэн юм.

499d1e2a2d5b407cbad1e0dc971cd7e1?d=0Хуулийн тухай илтгэлээ Хууль зүйн шинжлэх ухааны доктор (Sc.D), Философийн ухааны доктор (Ph.D), профессор Н.Лүндэндорж сөрөг үр урхаг буюу хуулийн аюул заналын тухай баримт, нотолгоогоор эхэлсэн юм. Хуулийг дээрэм тонуулын хэрэгсэл болгох, нийгэмд шударга бусыг дэлгэрүүлэх механизм болгох явдал цөөнгүй байгааг тэр оновчтой өгүүлэмжээр товчхон өгүүлээд, хуульд захирагдана гэдэг бол түүнийг туйлын үнэн, зөв гэж итгэхийг хэлэхгүй, харин эрх зүйн эмх журмыг эвдэхгүй байхыг буюу дагаж мөрдөхийг хэлнэ гэлээ. Улс төрийн зорилгоор төрийн бодлого, хууль тогтоомжид ноцтой зүйлсийг шургуулах явдал байсаар байгааг тэрбээр Монгол Улсын Үндсэн хууль болон бусад хууль тогтоомжийг жишээгээр өгүүлж, хэдийгээр Иммануэль Кант “Хууль бол ард түмний хүсэл зориг мөн” хэмээн тодорхойлсон боловч хэзээ ч тийм байгаагүй бөгөөд хамгийн оновчтой тодорхойлолт бол Аристотелийн “Хууль бол нэг ёсны гэрээ хэлэлцээр мөн” гэх дүгнэлт юм гэж үздэгээ дурдсан юм.

2b172e1311da453fbe1a8f226046eaff?d=0Хууль болон улс төрийн эрэмбийн асуудлаар өнөөг хүртэл нэгдмэл ойлголтод хүрээгүй байгааг профессор Н.Лүндэндорж дүгнэхдээ хуулийн эрх зүйт болон эрх зүйн бус хэв маягийн талаарх онолын эмзэг асуудал, тэдгээрийн ялгаа, үндэслэгээ, эрх зүй ба улс төрийн харилцан хамаарлын талаарх онолын болон судалгаа, шинжилгээний бүтээлүүд, эрдэмтэн мэргэдийн эш бошгыг үндэс болгосон юм.

Улсын Их Хурлын даргын Хууль зүйн бодлогын зөвлөх Б.Оюу-Эрдэнэ хуулийн төслийг санаачлан боловсруулах, хэлэлцэн батлах үе шатууд, Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэг, түүний эрх зүйн үзэл сэтгэлгээ, өнөөгийн практик, хөгжлийн чин хандлагын талаар илтгэл тавьснаар сургалтын эхний өдрийн үдээс өмнөх хөтөлбөр өндөрлөсөн юм. Сургалт үдээс хойш хуулийн төсөл боловсруулагчдын дизайн сэтгэлгээ, хуульд тавих агуулгын болон техникийн шаардлагуудын талаарх илтгэлүүдээр үргэлжилж байна

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.