Монгол Улсын Тэргүүн шадар сайд Б.Энхбаяр Элчин сайд Ричард Буанганыг хүлээн авч уулзав

Монгол Улсын Тэргүүн шадар сайд Б.Энхбаяр Элчин сайд Ричард Буанганыг хүлээн авч уулзав

Монгол Улсын Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр  Америкийн Нэгдсэн Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ричард Буанганыг хүлээн авч уулзлаа.

Тэргүүн Шадар сайдын зүгээс эдийн засгийн голлох салбаруудын төлөв байдал, макро эдийн засгийн үзүүлэлтүүд, мөн эдийн засгийн тогтвортой өсөлт, бизнес, хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах хүрээнд Монгол Улсын Засгийн газраас баримталж буй чиглэл, авч хэрэгжүүлж буй арга хэмжээнүүдийг товч танилцуулан санал солилцлоо.

11

Түүнчлэн эрчим хүчний суурилагдсан хүчин чадлыг нэмэгдүүлэх, эдийн засгийн суурь дэд бүтцийг тэлэх чиглэлээр авч хэрэгжүүлэх арга хэмжээ, хамтын ажиллагааны боломжууд, Евразийн эдийн засгийн холбоо, түүний гишүүн орнуудтай байгуулсан худалдааны түр хэлэлцээрийн ХАА-н бараа, бүтээгдэхүүний өрсөлдөх чадварыг дээшлүүлэхэд үзүүлэх нөлөөлөл, ХАА-н салбарт нэмүү өртөг шингэсэн үйлдвэрлэлийг дэмжих хүрээнд Хойд Америкийн бүс нутагтай хамтын ажиллагааг улам бүр өргөжүүлэхийн ач холбогдол, эрчимжүүлсэн мал аж ахуй, махны секторын хөгжлийн чиг хандлагын талаар дурдав.

8

Талууд Монгол Улсын Засгийн газар болон АНУ-ын Мянганы сорилтын корпорацын хоёр дахь Компакт гэрээний хүрээнд Улаанбаатар хотын нийтийн усан хангамжийг нэмэгдүүлэх төслийн явцыг дүгнэн ярилцаад гурав дахь Компакт гэрээ байгуулах боломжийн талаар хэлэлцэв.

Уулзалтаар иргэний нисэх, сэргээгдэх эрчим хүчний салбарын зарим тодорхой асуудлаар санал солилцож чухал ашигт малтмал, хиймэл оюун, цэвэр эрчим хүчний чиглэлийн хамтын ажиллагааны асуудлыг хөндөн ярилцлаа.

9

Талууд ирэх жил тохиох Монгол Улс, АНУ хооронд дипломат харилцаа тогтоосны 40 жилийн ойг угтаж хоёр талын стратегийн гуравдагч хөршийн харилцааг эдийн засгийн агуулгаар улам бүр өргөжүүлэх хүрээнд бодит үр дүнд чиглэсэн хамтын ажиллагааг өрнүүлэх талаар ярилцсан юм.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.