🔴“Зэс эрдэнэ”-ийн хувьцаа эзэмшигчид рүү дайрсан хүмүүсийг цагдаагийнхан саатуулжээ
“Зэс Эрдэнэ” ХК-ийн үйлдвэрлэл зогсож, 30,6 тэрбум төгрөгийн татварын өр үүссэн асуудлаар тус компанийн хувьцаа эзэмшигчид болон ажилчид эсэргүүцэл зарлаж, Авлигатай тэмцэх газар (АТГ) болон Хууль зүйн яаманд хандсан. Жагсагчдын зүгээс сайд Э.Бат-Амгалан болон түүний хамаарал бүхий этгээдүүдийг компанийн үйл ажиллагаанд хөндлөнгөөс оролцож, хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг ноцтойгоор зөрчсөн хэмээн буруутгаж байгаа юм.
Үйлдвэр зогссоноор олон мянган хувьцаа эзэмшигчдийн боломж алдагдаж, санхүүгийн асар их хохирол амсахаас гадна олон зуун ажилчдын цалин хөлс, хамтрагч байгууллагуудын өр төлбөрийн асуудал хүндэрчээ. Хувьцаа эзэмшигчдийн төлөөлөл энэ асуудлыг шалгуулахаар 7000 гаруй хүний гарын үсэг бүхий баримтыг АТГ-т албан ёсоор хүргүүлсэн байна.
Хувьцаа эзэмшигчдийн зүгээс гаргаж буй гол гомдол нь 30.6 тэрбум төгрөгийн НӨАТ-ын асуудал юм. Компанийн Хөрөнгө оруулалт хариуцсан дэд захирал асан Э.Батбаяр (Сайд Э.Бат-Амгалангийн дүү) 2022 оны ТУЗ-ийн хурлаар “Би Эй Ти Девелопмент Партнерс” (BD) компаниар дамжуулан борлуулалт хийх нь татварын дарамт үүсгэхгүй хэмээн тайлбарлаж байжээ. Гэвч бодит байдал дээр энэхүү схем нь компанийг их хэмжээний татварын өрөнд оруулж, зөвхөн тухайн хамаарал бүхий этгээдүүдэд ашигтай нөхцөлийг бүрдүүлсэн гэж жагсагчид үзэж байна.
Түүнчлэн шүүх, цагдаагийн байгууллага уг асуудалд ялгавартай хандаж байгааг иргэд шүүмжлэв. “Зэс Эрдэнэ” компаниас гаргасан гомдол шийдэгдэхгүй удааширдаг мөртөө Э.Батбаярын эхнэрийн нэр дээрх “BD” компаниас гаргасан бичиг баримтууд шүүхээр “гэрлийн хурдаар” шийдэгдэж, улмаар үйлдвэрийн үйл ажиллагааг бүрэн зогсоох шийдвэр гарсанд гомдолтой байгаагаа илэрхийллээ.
Тэмцлийн хурц хэлбэрт шилжиж, өлсгөлөн зарласан иргэдийн биеийн байдал хүндэрч эхэлсэн байна. Нийт найман хүн өлсгөлөн зарласнаас эрүүл мэндийн шалтгаанаар тав нь үргэлжлүүлж, улмаар зарим нь эмнэлгийн тусламж авахаар хүргэгджээ. Жагсагчдын зүгээс Э.Бат-Амгалан сайдыг Төрийн ордноос ташаа мэдээлэл хийж, хувьцаа эзэмшигчдийг доромжилсон хэмээн үзэж, албан ёсоор уучлалт гуйхыг шаардаж байна.
Өнөөдөр өглөө жагсаал болж буй газарт 30 орчим үл таних залуус ирж, тайван жагсаалыг үймүүлэх, ахмад настнуудыг түлхэж унагах зэргээр өдөөн хатгалга хийсэн байна. Жагсагчид эдгээр хүмүүсийг зохион байгуулалттайгаар ирүүлсэн “хөлсний хүмүүс” хэмээн хардаж байгаа бөгөөд цагдаагийн байгууллагаас зарим иргэнийг саатуулан шалгаж эхэлжээ.
Хувьцаа эзэмшигчид тэмцлээ зогсоохгүй гэдгээ мэдэгдээд, дараах шаардлагуудыг тавьж байна: Үүнд, хаагдсан үйлдвэрийг яаралтай нээх, НӨАТ-ын нэрээр дутагдсан 30.6 тэрбум төгрөгийг компанийн дансанд буцаан төвлөрүүлэх, Э.Бат-Амгалан сайд болон Э.Батбаяр нар хувьцаа эзэмшигчидтэй биечлэн уулзаж, тайлбар өгөх зэрэг багтаж байна. Тэд өөрсдийн нэр төр, өмч хөрөнгөө хамгаалахын тулд хуулийн хүрээнд эцсээ хүртэл тэмцэхээ илэрхийллээ.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.