🔴Э.Бат-Үүл: Н.Алтанхуягийн сонгуульд өрсөлдөх эрхийг сэргээхгүй бол Ерөнхийлөгчийн сонгуулийг бүх нийтээрээ бойкотлох хэрэгтэй
Шүүх засаглал улс төрийн захиалгаар шийдвэр гаргаж, Н.Алтанхуягийг үндэслэлгүйгээр яллах гэж байгаа нь Монгол Улсын шүүхийн нэр хүндэд ноцтой хохирол учруулж буй үйлдэл хэмээн Хотын дарга асан Э.Бат-Үүл үзэж байна.
Улсын баатар Э.Бат-Үүл:
-Хоёр жилийн өмнө тухайн хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгах шийдвэр гаргаж байсан гурван шүүгч өнөөдөр өөрсдийн итгэл үнэмшлээсээ няцаж, эсрэг шийдвэр гаргаж байгаа нь шүүх институцийг утгагүй байдалд орууллаа. Иймд Шүүхийн ерөнхий зөвлөл эдгээр шүүгчдэд хариуцлага тооцож, эргүүлэн татах ёстой.
Шүүгч, прокурорууд улс төрчдийн гар хөл болж, тэдний даалгавраар ажиллах нь эргээд өөрсдийг нь золиосонд гаргах аюултай. Өмнө нь олон шүүгч, прокурорууд улс төрийн тоглоомын золиос болж, эрүүл мэнд, амь насаараа хохирсон гашуун түүх бий. Тиймээс хуулийн салбарынхан хараат бус байдлынхаа төлөө тэмцэж, улс төрийн захиалгат шүүхээс татгалзах цаг. Хүн төрөлхтний түүхэнд улс төрийн захиалгаар ажилладаг шүүх шиг аюултай, адгийн зүйл байдаггүй.
Н.Алтанхуягтай холбоотой хэргийг Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө гэнэт сэргээж байгаа нь улс төрийн тодорхой зорилготой тактик юм. Ардчилсан намаас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших магадлалтай лидерүүдийг шүүхээр дамжуулан замаас нь зайлуулах оролдлого хийгдэж байна. Өмнө нь 2020 оны сонгуулиар С.Баярцогт, Б.Ганболд нарыг нэр дэвшиж байх үед нь барьж хорьсон нь сонгуулийн хууль болон Үндсэн хуулийг ноцтой зөрчсөн үйлдэл байсан бөгөөд энэ жишиг одоо ч давтагдах хандлагатай байна.
Эрх баригч намын зүгээс парламентын засаглалын эсрэг, дарангуйлал руу чиглэсэн үйл ажиллагаа явуулж байна гэж үзэж байна. 2016 онд Төрийн нууцын тухай хуульд өөрчлөлт оруулснаар сэтгүүлчдийн эрэн сурвалжлах боломжийг хааж, авлигын асуудлуудыг нуун дарагдуулах нөхцөлийг бүрдүүлсэн. Одоо тэд парламентын нээлттэй индрийг хааж, улс орныг Ерөнхийлөгчийн засаглал руу түлхэх замаар өөрсдийн хийсэн их хэмжээний хулгай, авлигаа нуухыг оролдож байна.
Хэрэв Ардчилсан намын нэр дэвшигчдийн эрхийг шүүхээр дамжуулан боомилж, хууль бус үйлдэл үргэлжилсээр байвал АН Ерөнхийлөгчийн сонгуулийг бүх нийтээрээ бойкотлох хэрэгтэй. Хууль бус сонгуульд оролцож ялагдах нь тухайн сонгуулийг хүчин төгөлдөр мэт харагдуулах эрсдэлтэй. Миний бие Ерөнхийлөгчийн сонгуульд бус, харин хотын даргад нэр дэвших сонирхолтой байгаа бөгөөд хотын хөгжлийн төлөө ажиллах боломж ирэх жилүүдэд нээлттэй гэж харж байна гэв.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.