🔴Д.Батлут: Өсвөр үеийнхний дээрэлхэлтийн эсрэг "Цэрэгжилтийн хичээл" оруулна
Батлан хамгаалах яам болон Боловсролын яам хамтран ерөнхий боловсролын сургуулийн (ЕБС) сургалтын хөтөлбөрт цэрэг-эх оронч хүмүүжил олгох, үндэсний өв соёл, түүхийн мэдлэг олгох хичээлийг заавал судлах хэлбэрээр эргүүлэн оруулахаар ажиллаж байна. Хэдийгээр 2023 оны долоодугаар сард Боловсролын тухай хуульд орсон өөрчлөлтөөр уг заалтыг хассан байсан ч Монгол Улсын батлан хамгаалах бодлогын баримт бичигт залуу хойч үедээ эх оронч үзэл төлөвшүүлэх чиг үүрэг хэвээр байгааг онцоллоо.
Энэ хүрээнд хоёр яамны дэргэдэх судалгааны хүрээлэнгүүд хамтран судалгаа хийж, уг хичээлийг хөтөлбөрт тусгах нь зүйтэй гэсэн дүгнэлтэд хүрчээ. Судалгааны үр дүнд үндэслэн ЕБС-ийн сурагчдад өв соёл, түүх болон цэрэг-эх оронч хүмүүжил олгох хичээлийг заавал суралцахаар урамшуулах, хөтөлбөрт тусгах боломжтой гэж үзсэн байна. Ингэснээр иргэн-цэргийн харилцааг шинэ түвшинд гаргахад томоохон ахиц гарна гэж тооцож байгаа аж.
Уг хичээлээр зөвхөн онолын мэдлэг олгохоос гадна практик ур чадваруудыг эзэмшүүлэхээр төлөвлөж байна. Тухайлбал, гамшиг ослын үед өөрийгөө болон бусдыг хамгаалах, анхны тусламж үзүүлэх, зэвсэг техниктэй харьцах анхан шатны мэдэгдэхүүн олгох зэрэг амьдралд хэрэгцээтэй чадваруудыг заах юм. "Хүн аливаа зүйлийг сурч, ойлголттой болж байж дараагийн үйлдлийг хийдэг. Тиймээс хүн бүр бэлтгэгдсэн байх ёстой" хэмээн салбарын сайд тайлбарлав.
Олон нийтийн дунд байдаг "цэргийн дэглэлт" гэх ойлголтыг сургуулийн орчинтой хольж болохгүйг салбарын мэргэжилтнүүд анхааруулж байна. Харин ч энэхүү хичээлээр дамжуулан хүүхэд залуус бие биеэ хайрлах, хүчтэй нь хүчгүйгээ хамгаалах, эрсдэлтэй нөхцөлд нэгэндээ туслах зөв төлөвшил, хүмүүжлийн суурийг тавих зорилготой аж. Энэ нь үе тэнгийн дээрэлхэлтийг бууруулах, нийгмийн зөв залуур болох ач холбогдолтой юм.
Өнөөгийн хүүхэд залуус цахим орчин, ухаалаг утаснаас хэт хамааралтай болсон нь тэдний хүмүүжилд сөргөөр нөлөөлж байгааг салбарын сайд онцоллоо. Тиймээс сургалтын хөтөлбөрт ийм төрлийн хичээл оруулснаар хүүхдүүдийг дэлгэцийн хамаарлаас ангид байлгах, бодит амьдрал дээр бие бялдар болон сэтгэл зүйн хувьд бэлтгэгдсэн иргэн болгон төлөвшүүлэхэд томоохон ахиц гарна гэж үзэж байна.
Одоогоор хоёр яамны хамтарсан ажлын хэсэг агуулгын давхцлыг арилгах, хөтөлбөрийг боловсронгуй болгох чиглэлээр ажиллаж байгаа бөгөөд удахгүй эцсийн шийдвэр гарах хүлээлттэй байна. Энэхүү хичээл нь биеийн тамирын хичээлээс ялгаатай бөгөөд түүх, соёл, цэрэгжилтийн цогц агуулгыг багтаах юм.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.