🔴Т.Тэлмэн: Дайны бүс нутгаас иргэдээ авчирахад 193 мянган ам.доллар зарцуулсан
Засгийн газрын шийдвэрийн дагуу Гадаад харилцааны яам (ГХЯ) болон Зам, тээврийн хөгжлийн яам (ЗТЯ) хамтран дайны бүс нутагт гацсан Монгол Улсын иргэдийг татан авах ажиллагааг амжилттай зохион байгууллаа.
Энэхүү ажлын хүрээнд "МИАТ" ТӨХК-ийн тусгай үүргийн нислэг өнөөдөр өглөөний 04:41 цагт 91 иргэнийг эх оронд нь авчирсан байна.
ГХЯ-ны зүгээс тухайн бүс нутагт суугаа Элчин сайдын яамдаар дамжуулан иргэдийн судалгааг гаргаж, виз болон ложистикийн асуудлыг шуурхай шийдвэрлэжээ. Иргэдийг аюулгүй бүс рүү татан гаргах, Дубай зэрэг дамжин өнгөрөх цэгүүдэд төвлөрүүлэх ажлыг дипломат шугамаар зохион байгуулсан байна.
"МИАТ" ТӨХК-ийн зүгээс 241 хүний суудалтай "Боинг 767" агаарын хөлгийг гаргаж, нислэг үйлдэх бэлтгэлийг бүрэн хангажээ. Дайны бүс нутагт агаарын хөлөг гурван цагаас илүү хугацаагаар саатах хориотой, даатгалын өндөр хязгаарлалттай байсан тул нислэг нэлээд эрсдэлтэй нөхцөлд явагдсан байна. Нислэгийн багт нисгэгч, бүхээгийн ажилтан, инженер техникийн ажилтан зэрэг нийт 20 хүний бүрэлдэхүүнтэй баг ажиллажээ.
Тусгай үүргийн нислэг орон нутгийн цагаар 16:18 цагт газардаж, төлөвлөсөн хугацааг 1 цаг 15 минутаар сунган хүлээсний эцэст 19:45 цагт хөөрчээ. Анх 127 иргэн бүртгүүлсэн байсан ч зарим иргэд өөр агаарын тээврээр дамжин явсан, эсвэл бичиг баримтын асуудал үүссэний улмаас эцсийн байдлаар 91 иргэн тус онгоцоор ирсэн байна.
Засгийн газраас өгсөн чиглэлийн дагуу "МИАТ" ТӨХК-ийн зүгээс зөвхөн үйл ажиллагааны үндсэн зардал болох шатахуун, даатгал зэрэгт 193 мянган ам.доллар зарцуулсан болохыг мэдээллээ. Одоогоор дахин иргэд татан авах албан ёсны хүсэлт ГХЯ-наас ирээгүй байгаа ажээ.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.