Н.Батбаяр, Б.Шинэбаатар, Б.Мөнхбат зэрэг хүний үйлдлийг анхан шатны шүүхээр дахин шийдвэрлүүлнэ
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Зориг, шүүгч Т.Шинэбаяр, Г.Ганбаатар нарын бүрэлдэхүүн өчигдөр 15.00 цагт “Хөгжлийн банк”-ны гэх тодотголтой 42 хүн, гурван аж ахуйн нэгжид холбогдох хэргийг хэрхэн шийдвэрлэснээ танилцууллаа. Шүүх бүрэлдэхүүн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын зарим хэсгийг хүчингүй болгосноос гадна өөрчлөлт оруулж шийдвэрлэжээ.
Тухайлбал, Хөгжлийн банкны ТУЗ-ийн гишүүнээр ажиллаж байсан Д.Бат-Очир, Ж.Үхэртар, Ж.Бат-Эрдэнэ, Ж.Оюунчимэг, С.Магнайсүрэн, Н.Баярчимэг, О.Хуягцогт, Д.Даваасамбуу, Б.Махбал нар албан тушаалаа урвуулан ашиглаж “Пирамид орд”, “Монгол мах экспо”, “Монгол эм импекс концерн”, “Мондулаан”, “Бэрэн групп” зэрэг компанид давуу байдал бий болгоход 1-7 хүртэлх удаагийн үргэлжилсэн үйлдлээр хамтран оролцож, их хэмжээний хохирол учруулсан гэх хэргийг анхан шатны шүүх цагаатгасныг хүчингүй болгов. Учир нь анхан шатны шүүхээс яллах, цагаатгах талын бүхий л нотлох баримтыг нотолгооны стандарт, шаардлагын хүрээнд нарийвчлан, бүрэн, бодитой шалгаж үнэлээгүй, хууль ёсны ба үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзсэн байна.
Мөн Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг, УИХ-ын гишүүн, Эдийн засгийн хөгжлийн сайдаар ажиллаж байсан Н.Батбаяр болон Б.Шинэбаатар, Н.Мөнхбат нарт холбогдох Монгол Улсын Засгийн газрын тухай болон бусад хууль тогтоомжийг зөрчин “Говийн зам” ХХК-ийн барьсан авто зам, “Энержи ресурс”-ийн Гашуун сухайт боомтын хүчин чадлыг нэмэгдүүлэх зориулалтаар барьсан дэд бүтцийг төрийн өмчид худалдан авч, улмаар “Энержи ресурс”, “Говийн зам” ХХК-д давуу байдал бий болгосон хэргийг үндэслэлгүй шийдвэрлэсэн гэж дүгнэсэн юм. Түүнчлэн Ерөнхий сайд асан, УИХ-ын гишүүн Н.Алтанхуягт холбогдох “Бэрэн групп”-д давуу байдал бий болгосон хэргийг анхан шатны шүүхээс хэрэгсэхгүй болгон цагаатгахдаа хууль ёсны, үндэслэл бүхий дүгнэлт хийлгүй орхигдуулсан гэж үзжээ.
Улмаар “Мондулаан”-ы Ш.Бүтэд, Э.Эрдэнэбилэг, “Сэлэнгийн герефорд”-ын Г.Галсанням, Г.Батдорж, Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг, Эдийн засгийн хөгжлийн сайдаар ажиллаж байсан Н.Батбаяр, Хөгжлийн банкны ТУЗ-ийн дарга асан Б.Шинэбаатар, гүйцэтгэх захирал байсан Н.Мөнхбат, М.Баярмагнай нарын үйлдлийг анхан шатны шүүхээр дахин шийдвэрлүүлэхээр болов.
Түүнчлэн “Баруун баян транс” ХХК-ийн Т.Мөнхтулга, Сонгуулийн ерөнхий хорооны гишүүн Г.Байгалмаа, “Пирамид орд”-ын Г.Цолмон, “Газимпорт”-ын П.Мягмардорж нарыг гэм буруутай болохыг тогтоосон нь үндэслэлтэй ч хөөн хэлэлцэх хугацааг зөв тодорхойлох, зарим хөрөнгө, орлогыг хураах, хатгагч, хамжигчаар хамтран оролцсон үйлдэлд нь Эрүүгийн хуулийг зөв хэрэглээгүй гэж үзсэн байна.
Харин Хөгжлийн банкны ТУЗ-ийн гишүүн байсан Ч.Отгочулуу, Ч.Нэргүй, М.Баянмөнх, Б.Найдалаа, Б.Лхагвасүрэн, Б.Батзаяа, Зээлийн хорооны гишүүн асан Р.Батбаяр, М.Золжаргал, Г.Дашзэвгэ, Г.Одонтуул, мэргэжилтэн Т.Пүрэвсүрэн, С.Батзориг нарын холбогдсон үйлдлийг цагаатгасан тогтоолыг хэвээр нь үлдээсэн байна.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.