Мөрийтэй тоглоом зохион байгуулж, гэмт бүлэг үүсгэсэн гэх П.Эрхэс, Э.Баттулга тэргүүтнийг шүүхэд шилжүүлэв
Цахимаар мөрийтэй тоглоом зохион байгуулж, иргэдээс дөрвөн тэрбум төгрөг луйвардсан хэрэгт холбогдсон П.Эрхэс, Э.Баттулга тэргүүтэй 25 хүнд холбогдох хэрэгт Нийслэлийн прокурорын газар (НПГ)-аас яллах дүгнэлт үйлдэн Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд шилжүүллээ.
Тэд “Pokerrrr-2” гэх аппликэйшн ашиглан “Omaha love”, “Huh tenger”, “Huh tengiss”, “Alibaba”, “Mazaalai Texas” гэх мэт нэртэй групп нээж, цахим мөрийтэй тоглоом зохион байгуулж байсан юм. Улмаар иргэдээс дөрвөн тэрбум гаруй төгрөг шилжүүлэн авч, түүнийгээ угаан өндөр үнэтэй үл хөдлөх хөрөнгө, автомашин худалдан авсан нь мөрдөн шалгалтын үр дүнд тодорхой болсон.
Тиймээс НПГ-аас дээрх 25 хүнд Эрүүгийн хуулийн Эрүүгийн хуулийн 20.17-2 дахь хэсгийн “Мэдээллийн технологи ашиглан, ашиг олох зорилгоор үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог цахим мөрийтэй тоглоомыг үргэлжилсэн үйлдлээр зохион байгуулсан”, 18.6-1, 18.6-3-ын “Гэмт хэргийн замаар бий болсон хөрөнгө, орлогоороо эд хөрөнгө худалдан авч, их хэмжээний мөнгө угаасан хэргийг зохион байгуулалттай гэмт бүлэглэл үйлдсэн”, 20.3-2 дахь хэсгийн “Гэмт хэрэг байнга үйлдэж ашиг олох зорилгоор урьдчилан нэгдсэн гурав, түүнээс олон хүнтэй тогтвортой бүлэг байгуулж, элссэн” гэх заалтыг үндэслэн яллах дүгнэлт үйлдсэн аж.
Уг хэргийн гол зохион байгуулагч П.Эрхэсийг Тайландад орогнож байхад нь саатуулан Засгийн газрын “Шувуу” ажиллагааны хүрээнд 2024 оны арванхоёрдугаар сард шилжүүлэн авч, ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид цагдан хориод байсан ч төд удалгүй батлан даалтад гарсан билээ. Мөн яллагдагч Э.Баттулгыг нь гадаадаас шилжүүлэн авсны дараа мөрдөн шалгах ажиллагаа явуулж дуусаад ийнхүү гэм буруутай, эсэхийг нь дэнслүүлэхээр болоод байна.
Сэтгэгдэл (1)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.