Ээжийнхээ эх орныг сонгосон Эйлин Гу
“Унага эхийгээ дагаж байна уу, азаргаа дагаж байна уу. Хар даа” гэх Дархан аварга Ж.Мөнхбатын үг санаанд ором нэгэн түүхийг өгүүлье. Тэр бол олимпын түүхэнд чөлөөт цанын төрлөөр хамгийн олон медаль хүртсэн тамирчин гэх Эйлин Гу юм.
Америк, Хятад гаралтай энэ бүсгүй 2003 оны есдүгээр сарын 3-нд АНУ-ын Калифорни мужид төржээ. Гурван настайгаасаа цанын спортоор хичээллэж эхэлсэн тэрээр хоёр олимп дамнан гурван алт, гурван мөнгөн медаль хүртээд байна. Ингэхдээ чөлөөт цанын хамгийн залуу олимпын аварга гэхчлэн анхны тодотголтой олон амжилтыг эзэмшиж байна.
Эйлин Гугийн ээж Ян Гу гэх хятад эмэгтэй байдаг бөгөөд Америкт цагаачаар амьдарч байхдаа Харвардын их сургууль төгссөн америк залуутай гэрлэж, түүнийг төрүүлжээ. Түүний ээж 1980-аад оны үед Бээжингийн их сургуульд богино замын тэшүүрийн багийн гишүүн байв. Хожим АНУ-ын Тахо нуурт цагийн цанын багшаар ажиллаж байхдаа охиноо хичээллүүлж эхэлсэн гэдэг. Долоо хоног бүр дөрвөн цагийн зай туулж очих хэмжээний хичээл зүтгэл гаргадаг байсан нь энэ бүх амжилтын үрийг тарьсан юм. Ийнхүү ээжийнхээ спортын авьяасыг өвлөсөн залуу аварга найман настайдаа АНУ-ын чөлөөт цанын багт элсэж, есөн настайдаа анхны улсын аваргадаа түрүүлж байв.
Хоёр соёл тээж буй залуу аварга
Дэлхий даяар давалгаалж байсан АНУ-ын соёлд цагаачилж ирсэн бүсгүй эрх чөлөөт, ардчилсан нийгэмд охиноо хөгжүүлэх тал бүрийн боломжоор хангаж байсан ч хятад хүний цус биеэр нь урсаж байгааг хэзээ ч мартуулаагүй юм. Эйлин Гу энэ тухай “Би хятад, англи хэлээр чөлөөтэй ярьдаг. Хоёр соёлыг тээж яваа хүн. Дунд сургуульд байхаасаа зуны амралтаараа Хятад явсан. Тэнд математик сэтгэлгээгээ хөгжүүлдэг байсан” гэв.
Хүн бүр ардчилсан, эрх чөлөөт нийгмийг хүсэж, даяарчлагдсан соёлд автаж байхад Эйлин Гу нас биед хүрэхийн хэрээр ээжийнхээ эх орон руу тэмүүлж байв. Тиймдээ ч 15 настайдаа Хятадын шигшээ багт харьяалагдах шийдвэр гаргаж, 18 настайдаа анхны олимпоосоо гурван медаль хүртсэн гайхамшгийн эзэн. Энэ амжилтаараа 2022 оны Time сэтгүүлийн дэлхийн нөлөө бүхий 100 хүний жагсаалтад багтсан.
Үүнийгээ тэрээр “Чөлөөт цанын төрлөөр амжилт гаргах боломж Хятадад илүү байсан. Түүнчлэн хятад охид, бүсгүйчүүдэд урам зориг өгөхийг хүссэн” гэсэн юм. Энэ нь нүдээ олсон уу гэлтэй хятад түмний хайр хүндэтгэлийг хүлээж, дэлхий дахиныг шуугиулж байна.
Өдгөө 22 настай залуу аваргын амжилт үүгээр эхэлж, дахин хэдэн олимпт гайхамшиг бүтээхийг таашгүй.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2026 ОНЫ ГУРАВДУГААР САРЫН 11. ЛХАГВА ГАРАГ. № 45 (7787)
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.