ТАНД ХЭРЭГТЭЙ: Гадаадад суралцах боломжийг олгох шинэ тэтгэлгүүд
Оюутан, залуусын хувьд мэргэжлийн ур чадвараа дээшлүүлэх, мөрөөдөлдөө хүрэх нэг алхам нь олон улсын тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах явдал юм.
Тэтгэлэг нь сонирхсон чиглэлээрээ гадаадад суралцах, дэлхийн боловсролын орчинд туршлага хуримтлуулах боломжийг нээдэг. Тэтгэлэгт хамрагдсанаар бакалавр, магистр, докторын түвшинд дэлхийн нэр хүндтэй их сургуулиудад суралцах боломж бүрдэж, олон улсын мэргэжлийн болон академик сүлжээгээ тэлэх боломжтой юм. Мөн суралцахад шаардлагатай санхүүгийн дэмжлэгийг өгөхөөс гадна, оюутнуудыг дэлхийн боловсрол, шинэ технологи, судалгааны орчинд суралцах боломжийг нээдэг билээ. Энэ нь залуусын ирээдүйн мэргэжлийн амжилт, карьерт чиглэсэн чухал алхам болж, мөрөөдлөө биелүүлэхэд томоохон дэмжлэг болдог. Тиймээс Монголын оюутан залууст зориулсан гадаадын их, дээд сургуулиудад суралцах олон улсын тэтгэлэгт хөтөлбөрүүдийг танилцуулж байна.
Таны дараагийн алхам: Invest Your Talent in Italy”

Таны боловсролын дараагийн алхам Италиас эхлэх боломж бүрдлээ. Учир нь Бүгд Найрамдах Итали Улсын Гадаад хэрэг, олон улсын хамтын ажиллагааны яам, Италийн худалдааны агентлаг болон “Uni-Italia” байгууллага хамтран 2026-2027 оны “Invest Your Talent in Italy” (IYT) тэтгэлэгт хөтөлбөрийг зарлалаа. Тус тэтгэлгийн хүрээнд инженерчлэл ба дэвшилтэт технологи, архитектур ба дизайн, эдийн засаг ба менежмент чиглэлээр суралцах боломжтой. Мөн жилд 10.800 еврогийн амьжиргааны тэтгэмжил олгох бөгөөд эрүүл мэндийн даатгал болон байрны зардал багтаагүй байна. Харин Итали хэлний сургалт (L2/LS), Италийн компани эсвэл худалдааны холбоодод гурван сарын хугацаатай ажиллах дадлага, жендэрийн тэгш байдлын талаарх тусгай сургалт багтжээ.
Тус тэтгэлэгт хамрагдахын тулд 2000 оны нэгдүгээр сарын 1-ний өдөр болон түүнээс хойш төрсөн байх, Италиас бусад улсад бакалаврын зэрэг хамгаалсан байх (одоо суралцаж буй төгсөх курсийн оюутан байж болохгүй), англи хэлний B2 болон түүнээс дээш түвшний мэдлэгийг баталсан олон улсын сертификаттай байх шаардлагатай байна.
Бүртгэл 2026 оны гуравдугаар сар дуустал үргэлжлэх бөгөөд хүсэлтийг зөвхөн цахимаар, IYT хөтөлбөрийн албан ёсны платформоор дамжуулан хүлээн авах юм байна. Харин тэтгэлгийг хоёр дахь жилдээ сунгахын тулд суралцагч 30-аас доошгүй ECTS багц цаг цуглуулсан байх, Итали хэлний сургалтад хамрагдаж, амжилттай дүгнэгдсэн байх, дадлагын ажлын төлөвлөгөөгөө ирүүлсэн байх шаардлагатай аж.
Австралид суралцах мөрөөдлөө биелүүлэх үү?

Австралийн тэтгэлэг нь хөгжиж буй орнуудад дэлхийн хөгжлийн ирээдүйг тодорхойлох манлайлагчдыг бэлтгэхэд чиглэсэн Австралийн Засгийн газраас санхүүжүүлдэг тэтгэлэг юм. Тэтгэлэгт шалгарагсад Австралид суралцан мэдлэг, мэргэжлээ дээшлүүлснээр нийгэмд эерэг өөрчлөлтийг бий болгох төдийгүй Монгол Австралийн харилцаа, хамтын ажиллагааг тогтвортой бэхжүүлэхэд хувь нэмэр оруулах боломжтой юм.
Тус тэтгэлэг хөтөлбөр нь өргөдөл гаргагчдыг мэргэжлийн болон хувь хүний чадамж, академик ур чадвар, нэн ялангуяа Монгол Улсад тулгамдаж буй хөгжлийн сорилтуудыг шийдвэрлэхэд оруулах хувь нэмрийг харгалзан үнэлж, сонгодог. Мөн эмэгтэйчүүд, хөгжлийн бэрхшээлтэй, болон бусад нийгмийн хязгаарлагдмал боломж бүхий бүлгийн иргэдээс тэтгэлэгт өргөдөл гаргахыг дэмждгээрээ давуу талтай. Өргөдлийг 2026 оны дөрөвдүгээр сарын 30-ны өдөр Канберра хотын цагаар 14:00 цаг хүртэл өргөдөл хүлээн авна.Өргөдөл гаргагчид https://oasis.dfat.gov.au/ цахим хуудас дахь цахим өргөдлийн системээр хүсэлтээ илгээх боломжтой.
Тус тэтгэлэг хөтөлбөрт хөдөө аж ахуй, байгаль орчны холбогдох чиглэлүүд, архитектур ба барилга, хот байгуулалт, бүтээлч үйлдвэрлэл,боловсрол, инженерчлэл болон технологи судлал,хоол үйлдвэрлэл, зочлох үйлчилгээ, хувийн үйлчилгээ, эрүүл мэнд, мэдээллийн технологи, менежмент ба худалдаа, салбар дундын хосолмол хөтөлбөрүүд, байгалийн болон физикийн шинжлэх ухаан, нийгэм ба соёл гэсэн чиглэлээр суралцах боломжтой байна.
Мөн төрийн албан хаагчдад нийт тэтгэлгийн 50 хувь,хувийн хэвшил, иргэний нийгмийн болон олон улсын байгууллагын албан хаагчдад нийт тэтгэлгийн 50 хувийг олгох юм. Тэтгэлгийг танхимын болон судалгааны магистрын хөтөлбөрт олгоно. Австралийн тэтгэлгийн хугацаа нь Австралийн их сургуулиас тогтоосон академик болон бэлтгэл сургалтыг дүүргэх хамгийн богино хугацаагаар тодорхойлогдоно. Австралийн тэтгэлэгт Австралид ирэх, буцах нислэгийн зардал, Австралид очиж суурьших нэг удаагийн тэтгэмж, сургалтын бүрэн төлбөр, амьжиргааны зардал, академик бэлтгэл хөтөлбөр, тэтгэлэгт хугацааны эрүүл мэндийн даатгал, академик сургалтад нэмэлтээр олгох дэмжлэг, судалгааны ажлын зардал (зөвхөн судалгаа хийж буй болон танхимын магистрын дадлага хийх шаардлагатай оюутанд хамаарна) багтах аж.
Бельгид тэтгэлгээр суралцах боломж нээгдлээ

Бельгийн Хаант Улсын Валлони-Брюсселийн Судалгаа, дээд боловсролын академи (ARES) болон “ASEM-DUO Хамтын ажиллагааны хөтөлбөр”-ийн хамтран хэрэгжүүлдэг "DUO-Belgium/Wallonia-Brussels 2026" тэтгэлэгт хөтөлбөрт Монгол Улсын их, дээд сургуулийн профессор, судлаачдыг бүртгэж эхэллээ. Энэхүү хөтөлбөр нь Ази-Европын дээд хэмжээний уулзалт (ASEM)-ын гишүүн орнуудын их, дээд сургуулиудын хамтын ажиллагааг бэхжүүлэх, профессор, судлаачдыг харилцан солилцох замаар эрдэм шинжилгээний чадавхыг нэмэгдүүлэх зорилготой.Солилцоонд хамрагдаж буй хоёр судлаачийн дунд 7000 евро (Монгол Улсаас Бельги Улсад очих, Бельги Улсаас Монгол Улсад ирэх нэг, нэг судлаач) Замын зардал болон амьжиргааны зардалд зориулагдана. Сонгогдсон судлаачид 2026 оны наймдугаар сараас 2027 оны наймдугаар сарын хооронд солилцооны хөтөлбөрт хамрагдана.
Монгол Улсын болон Бельгийн (Валлони-Брюссель бүс) их, дээд сургуулиуд хамтын ажиллагааны хүрээнд нэг нэгнээ харилцан хүлээн авах байдлаар бүртгүүлнэ. Түнш хоёр сургуулийн хооронд хамтын ажиллагааны гэрээ эсвэл Харилцан ойлголцлын санамж бичиг (MoU) байгуулагдсан байх шаардлагатай бөгөөд профессор, судлаач болон эрдэм шинжилгээний ажилтан байх шаардлагатай байна.
Бүртгэлийн хугацаа нь 2026 оны гуравдугаар сарын 13-ны өдөр Бельгийн цагаар 12:00 цаг хүртэл үргэлжилнэ. Бүртгэлийг Бельгийн талын хүлээн авагч их сургуулийн хариуцсан алба (International Relations Office) цахимаар мэдүүлнэ. Монгол талын судлаач нь Бельги талын хамтрагчтайгаа зөвлөлдөж, шаардлагатай баримт бичгийг бүрдүүлэн илгээнэ.
“Боловсролын солилцооны хөтөлбөр”

Канад Улсын Гадаад хэргийн яамнаас хэрэгжүүлдэг “Хөгжлийн төлөөх тэтгэлэг ба боловсролын солилцооны хөтөлбөр”-ийг зарлалаа. Энэ жилээс эхлэн Энэтхэг–Номхон далайн бүс нутгийн орнуудаас Монгол Улсыг хамруулахаар шийдвэрлэсэн байна. Тэтгэлгийн өргөдлийг оюутны нэрийн өмнөөс Канад дахь хүлээн авагч сургууль гаргана. Канад дахь сургууль нь Канадын Гадаад хэргийн яаманд өргөдлийг гуравдугаар сарын 24-ний өдрийн EDT 23:59 цагаас өмнө хүлээж авах аж. Хөтөлбөрт хамрагдахад Монгол Улсын их, дээд сургууль болон Канад Улсын хүлээн авагч сургууль хооронд хамтын ажиллагааны гэрээтэй байх шаардлагатай бөгөөд Монгол Улсын иргэн байх, Монгол Улсын их, дээд сургуульд үндсэн ангид суралцаж буй оюутан байх, Канад Улсын Засгийн газрын бусад тэтгэлэгт хамрагдаагүй байх зэрэг үндсэн шаардлагатай байна.
Тэтгэлгийн хугацаа
• Бакалавр – 4 сар (1 улирал)
• Бакалавр – 8 сар (2 улирал)
• Магистр / Доктор – 4 сар (1 улирал)
• Магистр / Доктор – 5–6 сар
Д.Дөлгөөнтунгалаг: Тэтгэлэг олгож буй сургуулиуд зөвхөн академик амжилт бус, нийгмийн идэвх, оролцоог чухалчилдаг

Намайг Дашжамцын Дөлгөөнтунгалаг гэдэг. Би БНСУ-ын Hanyang University-д эдийн засгийн чиглэлээр суралцаж байна. Hanyang University-гийн нэрэмжит тэтгэлэг нь дөрвөн жилийн хугацаанд 50, 70, 100 гэсэн хувиар олгогддог бөгөөд миний хувьд дөрвөн жилийн 50 хувийн тэтгэлэг авсан.
Би тэтгэлгийн материалаа зуучлалын газраар дамжуулан явуулахдаа сүүлийн гурван жилийн дүнгийн хуудас, нийгмийн идэвх оролцоог харуулах баримтуудыг илгээсэн. Hanyang University илгээсэн материалыг шалгаад тэтгэлэг олгох боломжтой эсэхийг үнэлэн, хэдэн хувийн тэтгэлэг авахыг мэдэгдсэн.
Тэтгэлэгт сурахаар зорьж буй оюутнуудын хувьд ахлах ангид орохоосоо эхлээд бэлдэх хэрэгтэй юм билээ. Учир нь, тэтгэлэг олгож буй сургуулиуд зөвхөн академик амжилт бус, нийгмийн идэвх, оролцоог чухалчилдаг. Мөн үе тэнгийн дээрэлхэлтэд холбогдсон тохиолдолд тэтгэлэг авах боломжгүй байдаг. Зарим сургуулиуд суралцах төлөвлөгөө, өөрийгөө танилцуулах танилцуулга авдаг тул материалаа илгээхдээ сайн бэлтгэх нь чухал.
Гадаадад суралцахад Монголын хичээлийн улирлын хугацаа төстэй ч бусад сурагчдад олгож байгаа боломж илүү санагдсан. Мөн бие дааж амьдрах, хувийн хариуцлага, сахилга бат зэрэг нь өөрөө давуу талыг бий болгодог.
П.АМГАЛАН
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2026 ОНЫ ГУРАВДУГААР САРЫН 11. ЛХАГВА ГАРАГ. № 45 (7787)
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.