🔴LIVE: П.Наранбаяр: Үе тэнгийн дээрэлхэлтийн асуудлаар бодлого гаргаж, 16 нас хүртэл нь нийгмийн сүлжээнээс хязгаарлах шаардлагатай

Үе тэнгийн дээрэлхэлт, цахим орчинд түгж байгаа бичлэгүүдийн талаар УИХ-ын гишүүн, Боловсролын сайд П.Наранбаярын байр суурийг сонирхлоо. Энэ чиглэлээрх хуулийн төсөл бэлэн болсон бөгөөд санал авахаар яамдуудад тараажээ. 

УИХ-ын гишүүн, Боловсролын сайд П.Наранбаяр: 

-Цахим орчинд түгсэн бичлэгийг хальт харсан. Салбарын яам 2-3 бодлого хэрэгжүүлэх ёстой гэж үзэж байгаа. 

Нэгдүгээрт, аюулгүй сүлжээ бий болгох. Хүүхэд сургууль дээрээ ч, гадаа ч, гэртээ ч аюулгүй байх ёстой. Хоёрдугаарт, үе тэнгийн дээрэлхэлт улам цахимжиж байна. Хувь хүний нэр төрд халдаж байгаа нь ноцтой. Нүүрийг нь гаргаж байна. Иймд нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог зохицуулах хуулийн төслийг боловсруулж, санал авахаар яамдуудад хүргүүлээд байна. Ерөнхийлөгчийн тамгын газарт ч хүргүүлсэн. Ер нь олон оролцогчийг хамруулах ёстой гэж үзэж байгаа. Үүний дараа УИХ-д өргөн барина. 

Тухайлбал, Австрали улс хууль гаргачлаа. Уг хуулиар 16 хүртэлх насны хүүхдийн нийгмийн сүлжээ ашиглах эрхийг хориглосон. Цаашилбал, БНФУ, Испани, Индонези зэрэг улс хууль гаргахаар судалж байна. ХБНГУ, АНУ-д хүртэл яригдаж байна. 

Юуны өмнө, ийм дээрэлхэлт гарлаа гэхэд ойр хавьд нь байгаа хэн ч дэмждэггүй байх ёстой. Финлянд улс энэ тал дээр бодлого гаргаад амжилттай хэрэгжиж байгаа юм билээ. 

Мөн, эцэг эхчүүд үүнд оролцох ёстой. Ямар утгаар оролцох вэ гэхээр хүүхэд бол гэр бүлийн толь. Гэр бүлийн уур амьсгал хүүхдэд нөлөөлж байдаг. Тэгэхээр эцэг, эхчүүд зөв үлгэр дуурайлал үзүүлэх ёстой... 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.