Шүүхийг үл хүндэтгэсэн хэмээн “Гачуурт” ХХК-ийг торгов

Шүүхийг үл хүндэтгэсэн хэмээн “Гачуурт” ХХК-ийг торгов

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд Л.Эрдэнэбаяр, Ч.Хаш-Эрдэнэ, Б.Энхболд, С.Мөнхболд нарын нэхэмжлэлтэй, “Гацуурт” ХХК, түүний захирал Л.Чинбатад холбогдох хэргийг хянан шийдвэрлэхээр болсон ч удаа дараа хойшлуулсаар байна. “Гацуурт” ХХК, Л.Чинбат гэрээний үүргээ зөрчсөн тул түүнээс үүдэлтэй хохирол 120 гаруй сая төгрөгийг гаргуулахаар дээрх иргэд 2024 оны долоодугаар сард шүүхэд нэхэмжлэл бичсэн аж.

“Гацуурт” ХХК-ийн удирдлага нь Баянхонгор аймгийн Галуут сумын нутаг, Их тойруу гэх газарт байршилтай алтны ордыг ашиглах тусгай зөвшөөрлийн эрхийг шилжүүлж зарахаар тохиролцон 2021 оны тавдугаар сард Л.Чинбатад 100 сая төгрөг бэлнээр өгсөн юм. Гэтэл гэрээний үүргээ биелүүлээгүйгээр тогтохгүй, Баянхонгор аймгийн Галуут сумын ИТХ-ын төлөөлөгч Б.Анхбаярт 2023 оны тавдугаар сард Л.Чинбат гурван тэрбум төгрөгөөр тусгай зөвшөөрлөө худалдсан. Тиймээс Л.Чинбатад бэлнээр өгсөн 100 сая төгрөг болон тухайн ордын Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ, ТЭЗҮ хийлгэх гэх зэрэг зардлаа нэгтгэн нэхэмжилж байна” гэжээ.

Гэвч 2024 оны долоодугаар сараас хойш нэг жил зургаан сар өнгөрөхөд шүүх хурал огт болоогүй, 13 удаа хойшлуулаад байгаа юм. Хэргийн оролцогчид буюу нэхэмжлэгчид, тэдний өмгөөлөгч нараас шалтгаалсан тохиолдлууд ч бий аж. Мөн хариуцагч “Гацуурт” ХХК, захирал Л.Чинбат болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын хүсэлтээр хойшлуулсан тохиолдол ч цөөнгүй гэнэ. Түүгээр үл барам шүүхийг үл хүндэтгэсэн явдал ч хариуцагч талынхан гаргасан юм байна.

Тиймээс Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжаар 2025 оны арваннэгдүгээр сарын 18-нд “Гацуурт” ХХК-иас шүүхийн журмаар нотлох баримт гаргуулахаар шийдвэрлэсэн аж. Уг захирамжийн биелэлтийг хангахыг тус компани болон удирдлагад нь удаа дараа мэдэгдсэн боловч шүүхэд нотлох баримт ирүүлэлгүй шүүн таслах ажиллагаанд саад учруулсан гэж шүүх бүрэлдэхүүн үзжээ. Тиймээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 46.2-т заасан “Энэ хуулийн 46.1-д заасан шаардлагыг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр биелүүлээгүй гэм буруутай албан тушаалтан, иргэнд зохих хууль тогтоомжид заасан хариуцлага хүлээлгэнэ” гэснийг үндэслэн тус компанийг 100 000 төгрөгөөр торгохоор болжээ.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.