Мансууруулах бодисын хэрэгт холбогдсон Онцгой байдлын байгууллагын хурандаа нарыг шалгаж дуусав

Мансууруулах бодисын хэрэгт холбогдсон Онцгой байдлын байгууллагын хурандаа нарыг шалгаж дуусав

ОБЕГ-ын харьяа Ар талын 115 дугаар ангийн захирагчаар ажиллаж байсан хурандаа Л.Баярсайхан, мэргэжилтэн Э.Отгонтуяа нарт холбогдох хэргийг нэмж шалгаж дуусжээ. Улмаар Нийслэлийн прокурорын газар (НПГ)-аас Эрүүгийн хуулийн хоёр ч үндэслэлээр яллах дүгнэлт үйлдэн Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд дахин шилжүүллээ.

Хурандаа Л.Баярсайханыг албан тушаалаа урвуулж, цар тахлын үед яаралтай тохиолдолд хэрэглэхээр журамлаад байсан, жороор олгох ёстой өвчин намдаах үйлчилгээтэй тариаг өөртөө авсан хэрэгт буруутган АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэст шалгасан юм. Шаардлагатай тохиолдолд эмчийн бичсэн жорын дагуу олгодог, мансууруулах болон сэтгэцэд нөлөөтэй “Трамадол” тариаг 2021, 2022 онд өөрийнхөө эмчилгээнд хэрэглэх зорилгоор нийслэлийн Онцгой байдлын газрын нийгмийн эрүүл мэндийн асуудал хариуцсан мэргэжилтэн Э.Отгонтуяатай хамтарч, их хэмжээгээр захиалан авч өөртөө давуу байдал бий болгосон гэж буруутган НПГ-аас Эрүүгийн хуулийн 22.1-1 дэх хэсгийн “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөртөө, давуу байдал бий болгосон” гэх заалтын дагуу яллах дүгнэлт үйлдсэн байдаг. Тэгвэл эл зүйл заалт дээр нэмж мөн хуулийн 20.7-1 дэх хэсгийн “Мансууруулах эмийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан” хэмээн яллах дүгнэлт үйлджээ.

Тэдэнд холбогдох хэргийг хуучнаар Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэлэлцээд цагаатгаж байсан бол нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх уг тогтоолыг хүчингүй болгосон. Улсын дээд шүүх Л.Баярсайхан болон түүний өмгөөлөгчийн гаргасан гомдлыг 2025 оны дөрөвдүгээр сарын 30-нд хянаад “мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус ашиглалттай холбогдсон гэмт хэргийн шинж бий, эсэхийг мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоох ёстой” гэж үзэн нэмэлт ажиллагаа хийлгэхээр шийдвэрлэсэн билээ.

Онцгой байдлын байгууллагын хоёр ч хурандаа цолтон ийнхүү мансууруулах бодистой холбоотой хэрэгт яллагдагчаар татагдаад буйн нэг нь дээрх хүн. Нөгөө нь Баянзүрх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн даргаар ажиллаж байсан, “Мон та реп” хамтлагийн дуучин асан, хурандаа М.Пүрэвжав юм. Тэрбээр 2025 оны арваннэгдүгээр сард албаны хувцастай, албаны машинаараа мансууруулах бодис олж авч хэрэглэж байгаад ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газрынханд баригдсан талаар бид өмнө нь мэдээлсэн. Хурандаа М.Пүрэвжавт холбогдох хэргийг цагдаагийнхан саяхан шалгаж дуусаад яллах дүгнэлт үйлдүүлэхээр НПГ-ын хяналтын прокурорт шилжүүлсэн аж.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.