Ардчилсан нам “ардчиллын дайсан” болов уу?!
“…Манай нам бол Монголын ардчиллын баталгаа” хэмээх үгийг АН-ынхан тарни мэт давтдаг. Монголчууд үүнд итгэдэг. Тиймээс “АН бол Монголын төрийн хоёр баганын нэг юм байна” хэмээн үздэг. Тэд өөрсдөө намаа тараан бусниулсан ч буцаагаад нийлж босох боломжийг олгодог. Тийм түүх саяхныг болтол үргэлжилж байв шүү.
Гэтэл “ардчиллын баталгаа” маань ардчилалд ноцтойгоор халдсан нь илэрлээ. АН-ын AN.mn сайтын бүртгүүлэх хэсэгт иргэний регистрийн дугаараар хувийн нууц мэдээллүүд хадгалагдаж байгаа нь ил болов. Гэтэл, ардчилал гэдэг шууд утгаараа иргэний эрх чөлөө байдаг. Үүнийг задлаад, “…Хүний эрх, эрх чөлөө, олонхын саналаар шийдэх, цөөнхөө хамгаалах, хууль дээдлэх зарчим бол ардчилал” хэмээн томьёолдог.
Шулуухан хэлэхэд, АН-ын энэ үйлдэл нь Үндсэн хууль, Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хууль, Улс төрийн намын тухай хууль зэрэг хуулиудыг ноцтойгоор зөрчжээ.
Гэвч, АН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Д.Амарбаясгалан “…Хоёр сая гаруй иргэний овог нэр, нас, хүйс, гэрийн хаяг зэрэг мэдээлэл АН-д СЕХ-ноос 2024 оны тавдугаар сард ирсэн. УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 20.15-ын дагуу тухайн сонгуульд оролцохоо илэрхийлсэн намуудад сонгогчдын таван агуулга бүхий мэдээллийг цахимаар олгодог. Бидэнд ямар ч хуулийн зөрчил байхгүй. Харин иргэд өөрсдөө мэдээллээ цахим орчин, хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацсан учраас түр хугацаанд энэ мэдээллийг хязгаарласан” гэж мэдэгдлээ. Мөн, АН-ын дарга асан, УИХ-ын гишүүн Лу.Гантөмөр “…Програмын алдаа гарсны төлөө АН-ыг буруутгаж болохгүй” гэсэн юм.
Харин ЦХИХХ-ны сайд Э.Батшугар “…Гэрийн хаяг, регистрийн дугаар бол хүний хувийн мэдээлэл байдаг. Хүний хувийн мэдээллийг шууд ил болгож болохгүй. Зайлшгүй иргэнээс зөвшөөрөл авч байж ил болгоно. Мэдээлэл хадгалагч, цуглуулагч тухайн хүнээс “…Таны мэдээллийг авах гэж байна. Та зөвшөөрч байна уу” гэж асуух ёстой. Асуухгүйгээр ашиглаж байгаа нь Хувь хүний нууцын тухай хуулийг маш бүдүүлгээр зөрчиж байгаа явдал юм. Нөгөө талдаа иргэний аюулгүй байдалд ноцтой халдаж байгаа хэрэг. Хувь хүний нууцын тухай хууль, цаашлаад Үндсэн хуулийг зөрчиж байна. Үндсэн хуулийн 16 дугаар зүйлд “…Хүний эцэг эх, өөрийн хувийн мэдээлэл, оршин суугаа байдал хаяг нууц байна" гэж заасан. Мөн энэ нууцыг хуулиар хамгаална” гэж заасан” гэсэн юм.
Түүнчлэн, иргэн З.Баяндаваа 2026 оны гуравдугаар сарын 4-нд ХЭҮК-т гомдол гаргажээ.
Тэрээр энэ талаар “АН-ын зүгээс гишүүддээ зориулсан AN.mn вэбсайтыг хөгжүүлэх явцдаа сонгуулийн насны хоёр сая гаруй иргэний мэдээллийг байршуулсан. Мэдээж, гишүүддээ зориулсан вэбсайт хөгжүүлж болно. Гэхдээ дурын иргэн регистрийн дугаар хийхэд хувийн мэдээлэл гарч ирэх байдлаар оруулж болохгүй" хэмээн хууль зүйл заалт тайлбарласан билээ.
Ер нь, Үндсэн хууль, Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хууль, Улс төрийн намын тухай хуулийг Ардчилсан нам зөрчжээ.
Товчхондоо, “…Үндсэн хууль, бусад хуулийг ноцтой зөрчсөн” асуудлаар АН татан буугдах хариуцлага хүлээхээр хуультай аж. Гэхдээ, одоогоор хаа нэгтээгээс тус намтай ямар нэг хуулийн “тооцоо”-г ярьж эхлээгүй байна. Ямартай ч, АН-ынхан Үндсэн хуулийн эсрэг энэ үйлдлийнхээ төлөө олон жил цээжээ дэлдсэн “…Ардчиллын баталгаа, багана”-аасаа татгалзаж таарахаар боллоо. Оронд нь “…Ардчиллын дайсан” хэмээх нэр хочийг олон нийт өгч байна.
Б.ОЧИР
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2026 ОНЫ ГУРАВДУГААР САРЫН 10. МЯГМАР ГАРАГ. № 44 (7786)
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.