“Херо”-гийн Б.Баатарыг үндэсний эв нэгдэл бусниулсан гэх үндэслэлээр яллагдагчаар татав
“Херо энтертайнмент групп” ХХК-ийн гүйцэтгэх захирал, найруулагч, Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнийн ах Б.Баатарыг Тагнуулын ерөнхий газар (ТЕГ)-ын Мөрдөн шалгах газраас шалгаж, яллагдагчаар татлаа.
Түүнд холбогдох үйлдэлд тус газрын ахлах мөрдөгч, ахмад М.Итгэлмөнх хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгаад эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан үргэлжлүүлэн мөрдлөг явуулах шаардлагатай гэж үзэн Нийслэлийн прокурорын газар (НПГ)-т саналаа хүргүүлсэн аж. Уг саналыг НПГ-ын хяналтын прокурор Э.Гантулга хянаад Эрүүгийн хуулийн 19.9-1 дэх хэсгийн “Хүмүүсийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, шашны номлол, үзэл бодлоор дайсагнуулах, эвдрэлцүүлэх, салан тусгаарлахыг ухуулсан, уриалсан, ялгаварлан гадуурхсан, хүчирхийлсэн, эрхийг нь хязгаарласан, давуу байдал тогтоосон үйлдлийг зохион байгуулсан” гэх заалтын дагуу эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татах тогтоол баталсан байна.
Улмаар ТЕГ-ын Мөрдөн шалгах газрын мөрдөгчийг уг тогтоолыг Б.Баатарт танилцуулахыг даалгажээ. Уг даалгаврын дагуу мөрдөгч танилцуулахаар мэдэгдэх хуудас хүргүүлээд буй юм. Хэдийгээр Б.Баатарт мэдэгдэх хуудас хүргүүлсэн боловч товлосон өдөр мөрдөн шалгах байгууллагад ирээгүй гэх мэдээлэл бий. Мөрдөгч, прокурорын дуудсанаар ирээгүй тохиолдолд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 31.2-6 дахь хэсэгт заасан “Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоолтой танилцуулахаар дуудсан сэжигтэн хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй, мэдэгдэх хуудсыг хүлээн авахаас татгалзсан нь түүнийг шүүхийн зөвшөөрлөөр баривчлах үндэслэл болно” гэдгийг прокурорын байгууллагаас Б.Баатарт сануулсан аж.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.