УОК хаваржилтын бэлтгэл ажилд анхаарч ажиллаж байна

УОК хаваржилтын бэлтгэл ажилд анхаарч ажиллаж байна
Монгол Улсын Шадар сайд Х.Ганхуяг Баруун бүсийн Баян-Өлгий, Ховд, Увс, Завхан, Хангайн бүсийн Баянхонгор, Өвөрхангай, Архангай, мөн Сэлэнгэ зэрэг нийт 8 аймагт өвөлжилтийн нөхцөл байдал, орон нутагт тулгамдаж буй цаг үеийн шинжтэй асуудлыг шийдвэрлэж, орон нутгийн удирдлага, алба хаагч, иргэд, малчидтай уулзаж, “Шинэ хоршоо–Чинээлэг малчин” хөтөлбөрийн хэрэгжилтийн явцтай танилцаж, санал, дүгнэлт боловсруулж ажиллалаа.
 
Орон нутагт ажиллаж байх үеэрээ зудын эрсдэлийг бууруулах, хохирол багатай даван туулах арга хэмжээ авах чиглэлээр ажиллаж, аймаг, сумдын Эрүүл мэндийн төвүүд, Онцгой байдлын байгууллагын салбар, нэгжүүдэд улсын нөөцөөс туулах чадвартай сайтай автомашин, цас ихээр орж зам даваа гүвээ хаагдсан аймаг сумдад автогрейдер, ковш мөн өвс тэжээл, шатахууны асуудлыг газар дээр нь шийдвэрлэж ажиллав.
 
Мөн зарим бүс нутагт цас их орж, нийт нутаг дэвсгэрийн хэмжээнд 50 орчим хувьд зудын эрсдэл их байсан боловч Засгийн газар, Улсын онцгой комисс, аймаг, сумдын онцгой комисс, малчид иргэд хамтран авч хэрэгжүүлсэн арга хэмжээний хүрээнд улсын хэмжээнд эрсдэлийг тодорхой хувиар бууруулж хүндрэл багатай даван туулж чадсан байна.
 
Цаашид агаарын температурын огцом өөрчлөлт үргэлжлэн ажиглагдах, салхи шуурганы давтагдал ихтэй байх магадлал өндөр байгаа тул аймаг, сумдын Онцгой комисс анхаарч ажиллах шаардлагатай байна. Тиймээс хаваржилтын болзошгүй эрсдэлээс урьдчилсан сэргийлэх чиглэлээр Улсын Онцгой комисс, аймгуудын Онцгой комисст холбогдох үүрэг даалгавруудыг хүргүүлж ажиллаж байна.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.