УДЭТ-ын жүжигчнийг хутгалсан залууг хоёр сая төгрөгөөр торгож, хүн зодсон жүжигчний хэргийг хэлэлцэнэ
Улсын драмын эрдмийн театр (УДЭТ)-ын жүжигчин Ц.Рагчааг ажлынх нь байранд хутгаар зүсэж гэмтээсэн хэрэг 2025 оны нэгдүгээр сарын 2-ны 05.00 цагийн үед гарсан. Тус театрын жүжигчин Ц.Рагчаа, О.Майдарравжаа, Г.Эрдэнэболд нар шинэ жилийн баярын арга хэмжээгээ дуусгаад, арын өрөөндөө хувцсаа сольж байхад нь нэгэн жүжигчин бүсгүйн нөхөр О.Энхбаяр хоёр гартаа хутга, заазуур барин орж ирэн маргалдсан байдаг. Улмаар Ц.Рагчаагийн гарыг хутгаар зүсэж гэмтээсэн юм.
Уг хэргийг Сүхбаатар дүүргийн Цагдаагийн газрын I хэлтэст шалгаад тус дүүргийн Прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлжээ. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх уг хэргийг хэлэлцээд О.Энхбаярыг мансуурсан үедээ жүжигчин Ц.Рагчааг хутгаар шархдуулсан гэм буруутай гэж дүгнэсэн. Түүнчлэн энэ хэргийг үйлдэхээс өмнө 2024 оны арваннэгдүгээр сарын 30-нд найз Б-ыг согтуудаа зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан нь тогтоогдсон гэж шүүх үзсэн.
Улмаар Эрүүгийн хуулийн 11.6-2.2 дахь хэсгийн “Хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэм буруутайд тооцож, хоёр сая төгрөгөөр торгох ял шийтгэсэн аж. Мөн жүжигчин Ц.Рагчаагийн сэтгэцэд учирсан хохиролд 3.6 сая О.Энхбаяраас гаргуулж олгохоор болжээ.
Тэгвэл Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх энэ баасан гарагт УДЭТ-ын жүжигчин О.Майдарравжаа болон иргэн О.Дашням нарын гэм буруутай, эсэхийг дэнслэх хурлыг товлоод байна. Тэд 2023 оны аравдугаар сард Сүхбаатар дүүргийн IV хорооны нутаг дахь уушийн газарт иргэн Б.Лхагвадорж, Ц.Төгсбилэгт нартай маргалдаж, эрүүл мэндэд нь хохирол учруулсан хэрэгт холбогдсон юм. Энэ зодоон болох үед УДЭТ-ын нэр бүхий жүжигчид тус байранд хамт байсан аж. Уг хэргийг шүүх 2025 онд хэлэлцээд О.Майдарравжаа, О.Дашням нарт 600-700 мянган төгрөгөөр торгох ял шийтгэж байв. Харин нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхээс хэргийн дахин хэлэлцүүлэхээр буцаасан аж.
Ингэснээр Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх тэдний гэм буруутай, эсэхийг дэнслэхээр товлоод байна.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.