Малын сэг зэмийн устгалыг яаралтай хийж, малын гоц халдварт өвчин гарахаас урьдчилан сэргийлэхийг даалгав
Монгол Улсын Шадар сайд, Улсын Онцгой Комиссын дарга Х.Ганхуяг өнөөдөр \2026.03.04\ 21 аймгийн Засаг дарга, Аймгуудын онцгой комисстой цахимаар хуралдаж өвөлжилт, хаваржилтын нөхцөл байдалтай холбоотой үүрэг даалгавруудыг өгч ажиллажээ.
Монгол Улсын Засгийн газар, Улсын онцгой комиссоос малчид иргэдэд эрүүл мэндийн болон төрийн бусад үйлчилгээг шуурхай тасралтгүй хүргэх, өвөлжилт хаваржилтын хүндрэлээс үүсэж болох эрсдэлийг бууруулах, урьдчилан сэргийлэх, хүндрэл багатай даван туулах арга хэмжээний хүрээнд аймаг сумдын Эрүүл мэндийн төв, ЗДТГ, Онцгой байдлын байгууллагын салбар нэгжүүдэд улсын нөөцөөс туулах чадвар сайтай авто машин 20 ширхэг, цас ихээр орж зам даваа хаагдсан зарим аймаг, сумдад Автогрейдер 2 ширхэг, ковш 5 ширхэг, 796 тонн өвс, 8154 тонн тэжээл, аймаг тус бүрт 50 тн шатахууны дэмжлэг улсын нөөцөөс олгосон.
Түүнчлэн зудын эрсдэлийн үнэлгээгээр маш их болон их эрсдэлтэй үнэлэгдсэн баруун, төв, хангайн бүсийн аймгуудад Улсын онцгой комиссын ажлын хэсэг 2025 оны 11 дүгээр сараас эхлэн ажиллаж, шаардлагатай арга хэмжээг авч хэрэгжүүллээ.
Баруун болон төвийн аймгууд өнгөрсөн зун гантай, зарим бүс нутгаар зуншлага сайтай, мөн зарим бүс нутгаар цас их орсон зэргээр нийт нутаг дэвсгэрийн хэмжээнд 50 орчим хувьд зудын эрсдэл их байсан боловч Засгийн газар, Улсын онцгой комисс, аймаг, сумдын онцгой комисс, малчид иргэд хамтран авч хэрэгжүүлсэн арга хэмжээний хүрээнд эрсдэлийг тодорхой хувиар бууруулж чадсан.
Цаашид агаарын температурын огцом өөрчлөлт үргэлжлэн ажиглагдах, салхи шуурганы давтагдал ихтэй байх магадлал өндөр байгаа тул аймаг, сумдын Онцгой комисс анхаарч ажиллах шаардлагатай байгааг МУ-ын Шадар сайд, УОК-ын дарга Х.Ганхуяг онцолж холбогдох үүрэг даалгавруудыг хүргүүлж ажиллалаа.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.