Иргэний биед халдсан цагдаагийн албан хаагчид эрүүгийн хэрэг үүсгэж шалгаж байна
Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар ХЗДХ-ийн дэд сайд Д.Мөнх-Эрдэнэ мэдээлэл өгөв.
ХЗДХ-ийн дэд сайд Д.Мөнх-Эрдэнэ:
-Засгийн газрын хуралдаанаар Төрийн нууцын тухай, Төрийн нууцын жагсаалт батлах тухай хуулийн төсөл өргөн барихаар шийдвэрлэсэн. Одоо үйлчилж байгаа Төрийн болон албаны нууцын тухай хуулийн шинэчилсэн найруулга гэсэн үг. Төрийн байгууллага, албан тушаалтнууд албаны нууц гэх нэрийн дор шаардлагагүй мэдээллийг нууцалж болдог байсан. Үүнийг уг хуулиас хасах гэж байгаа нь гол өөрчлөлт. Өнөөдөр ТЕГ-т бүртгэлтэй албаны нууц 894 байна. Энэ нууц цаашид ил болно. Энэ бол Засгийн газар, Ерөнхий сайдын авлига, албан тушаалтай тэмцэх бүх шатанд ил тод нээлттэй байдлыг хангах, иргэдийн мэдэх эрхийг хангана. Уг хуулийн төслийг ирэх долоо хоногт УИХ-д өргөн мэдүүлнэ. Төрийн нууцын жагсаалтыг Засгийн газар баталж байгаа. Төрийн нууцын жагсаалтад 574 мэдээлэл бий. Үүнийг 372-оор цөөлж, 202 мэдээллийг төрийн нууц үлдээнэ. Төрийн нууцыг батлах эрхийг Засгийн газраас УИХ-д шилжүүлнэ. Төрийн нууцтай холбоотой харилцаа хууль тогтоох дээд байгууллага, ард түмний хяналтад орно гэсэн үг.
Дотоодын цэргийн 05 дугаар анги дээр гарсан хэргийг Ерөнхий сайдаас өгсөн үүргийн дагуу шалгалт хийсэн. Цэргийн ангийг захирагчийг ажлаас чөлөөлж, холбогдох офицеруудыг шилжүүлсэн. Иргэний биед халдсан цагдаагийн албан хаагчид эрүүгийн хэрэг үүсгэж шалгаж байгаа гэв.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.