П.Товуудоржийн цагдан хорих хугацааг сунгалгүй, суллажээ
Н.Тавинбэхийн зөвлөх асан П.Товуудоржийн цагдан хорих хугацааг сунгах үндэслэл тогтоогдоогүй тул эрүүл мэндийн шалтгаанаар суллажээ.
Тодруулбал, Нийслэлийн прокурорын газраас яллагдагч П.Товуудоржид “Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэмт хэрэгт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татаж, улмаар түүнд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авч, хугацааг сунгах саналыг тус шүүхэд 2026 оны 02 дугаар сарын 27-ны өдөр ирүүлснийг хянан хэлэлцжээ.
Шүүхээс хавтаст хэргийн материалд цугларсан нотлох баримт, шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан прокурорын санал, яллагдагч, түүний өмгөөлөгч нарын тайлбар, яллагдагчийн эрүүл мэндийн байдалтай холбоотой баримтууд зэрэгтэй танилцаад прокурорыг “цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг сунгах болсон үндэслэлээ баримтаар нотлоогүй, шүүхийн хэлэлцүүлэгт үндэслэл бүхий тайлбар хийгээгүй” хэмээн дүгнэн саналыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн байна.
Хэргийг эргэн сануулахад, Эрчим хүчний сайд асан Н.Тавинбэх албан тушаалаа урвуулан ашиглаж, өөрийн зөвлөхөөр ажиллаж байсан П.Товуудоржийн үүсгэн байгуулсан “Грийн энержи интернэшнл” ХХК-д давуу байдал олгож зөвлөх үйлчилгээтэй холбоотой 2.6 сая доллар буюу 7 тэрбум төгрөгийн санхүүжилтийг олгосон гэх үндэслэлээр П.Товуудорж, түүний дүү П.Даваадорж нарыг АТГ-аас /2026-01-14/-нд 48 цагийн хугацаатайгаар саатуулсан байдаг.
Улмаар тэднийг үргэлжлүүлэн хорих эсэхийг Дүүргийн эрүү, иргэний анхан шатны тойргийн шүүхэд /2026-01-19/ хянан хэлэлцээд Н.Тавинбэх, П.Товуудорж нарыг 30 хоног цагдан хорих шийдвэр гаргаж байсан юм.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.