Чингэлтэйн Нийгмийн даатгалын хэлтсийн хахууль авсан гэх ажилтнуудын шүүх хурлыг хойшлууллаа

Чингэлтэйн Нийгмийн даатгалын хэлтсийн хахууль авсан гэх ажилтнуудын шүүх хурлыг хойшлууллаа

Чингэлтэй дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн Орлого, шимтгэлийн тасгийн даргаар ажиллаж байсан Г.Алтанзаяа, хяналт, шалгалтын байцаагч Г.Энэбиш нарт холбогдох бусдаас хахууль авсан хэргийг шүүх хэлэлцэхээр товлоод байсан боловч хойшлууллаа. Учир нь шүүгдэгч Г.Алтанзаяа болон өмгөөлөгч Б.Оюунбилэг нар тодорхойгүй шалтгаанаар хуралдаа ирсэнгүй.

Тиймээс шүүх хуралд оролцож буй улсын яллагч тэднийг “Шүүн таслан ажиллагаанд санаатай саад учруулж байна. Тиймээс Г.Алтанзаяагийн таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих, өмгөөлөгч Б.Оюунбилэгт Зөрчлийн тухай хуульд зааснаар хариуцлага тооцуулах” санал гаргасан юм. Харин Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Батсайхан энэ удаа Г.Алтанзаяад арга хэмжээ тооцохоор яарсангүй, эхний удаад сануулаад, ямар шалтгаанаар ирээгүйг тодруулах шаардлагатай гэж үзсэн байна. Харин өмгөөлөгч Б.Оюунбилэгт арга хэмжээ тооцох саналыг Монголын өмгөөлөгчдийн холбоонд хүргүүлэхээр шийдвэрлэв. Улмаар хурлыг энэ сарын 20-ны 10.00 цаг хүртэл хойшлууллаа.

Г.Алтанзаяа, Г.Энэбиш нар нь 2020 онд нэгэн компанийн захирлын гуйлтаар “Ачтан” эмнэлгийн эмч Д.Э-г тухайн аж ахуйн нэгжид ажиллаж байсан мэтээр баримт бүрдүүлж, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, тэтгэврийнх нь хэмжээг өндөр дүнтэй тогтоохын тулд хахууль өгөхийг шаардсан. Улмаар хууль бус хүсэлт бичүүлэн, хүлээн авч, хяналт, шалгалтын байцаагч Г.Энэбиштэй хамтран дутуу тооцсон шимтгэл, алдангыг нөхөн төлүүлэх тухай хуурамч актыг гаргасан гэнэ. Ингээд компанийн захирлаас нэг бүр нь 5.4 сая төгрөгөөр үнэлэгдэх “Dell OptiPlex 3070 desktop” загварын хоёр суурин компьютер хахуульд авсан хэрэгт холбогдоод буй юм.

Тэдэнд холбогдох хэргийг өмнө нь нэг удаа Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд хэлэлцэн, хахууль авсан гэм буруутайд тооцож, уг хоёр хүний нийтийн албанд ажиллах эрхийг нь таван жил хасаж, Г.Алтанзаяад 12, Г.Энэбишид 10 сая төгрөгөөр торгох ял шийтгэж байв.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.